БНСУ-ын БОЯ-тай Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг багасгах төсөлд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-11-16 07:56:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Байгаль орчны Сайд Хан Хуа Жин усны салбарт хамтран ажиллах, түүн дундаа Сэлбэ голыг сэргээх, бохирдлыг багасгах төслийг дэмжихэд бэлэн гэдгээ Египет Улсын Шарм эль Шейх хотод БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзах үеэрээ илэрхийлжээ.


Хоёр улсын яам байгаль орчны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ оны 5 дугаар сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэрээ уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтын ажиллагааг тэлж, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан хамтарсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх яам хоорондын зохицуулалтыг байгуулсан. Энэ нь талуудын Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэхэд ач холбогдолтойг БОАЖЯ мэдээлэв.


Монгол Улсын БОАЖЯ, БНСУ-ын БОЯ хоорондын бодлогын зөвлөлдөх 2 дугаар уулзалтыг 2023 оны 1 дүгээр улиралд зохион байгуулж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй хэлэлцэхээр болов. Монгол Улсын хувьд 2030 он гэхэд газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авахыг зорьж байгаа. Энэ хүрээнд амжилттай хэрэгжиж буй БНСУ-ын Сорагсаны тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын Хан Хэнтийн дархан цаазтай газрын эгч дүү паркын харилцааг шинэ түвшинд гаргахаар Судалгаа, эрдэм шинжилгээний төв байгуулах, түүний сайн туршлагыг үргэлжлүүлэн 2 орны бусад парк, дархан цаазат газрыг холбож, хамтран ажиллахаар боллоо.


Түүнчлэн, уулзалтаар усны бохирдлыг багасгах, ус хэрэглээний үр ашгийг нэмэхэд чиглэсэн усны хэмнэлттэй техник, технологи нэвтрүүлэх, хот суурин газар, аялал жуулчлалын бүс нутгийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр байгуулахад хамтран ажиллах, усны шинжилгээний лабораторын хүчин чадлыг нэмэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх боломжийн талаар ярилцсан байна. 


Монгол Улс, БНСУ байгаль орчны салбарт амжилттай хамтран ажиллаж ирснийг сайд дурдаад, “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын “Шинэ Умардын бодлого”-той уялдуулан БНСУ-ын хөрөнгө оруулалтыг татахуйц эдийн засгийн бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Монголын тал онцгой ач холбогдол өгч байна хэмээв.

Related news