ДАРХАН-УУЛ: Хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-19 14:26:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар төмөр зам ба Дархан-Уул  аймгийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх хэлэлцүүлэг энэ сарын 17-ны өдөр боллоо. Хэлэлцүүлэгт Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженер Старцев С.П болон холбогдох албаны удирдлагууд, төмөр замчдын төлөөлөл оролцлоо. Хамтын ажиллагааны хүрээнд анх удаа зохион байгуулсан хэлэлцүүлгээр дараах асуудлыг хөндөн хэлэлцлээ. Үүнд:





Дархан-Уул аймгийн төмөр замын зорчигч, ачаа тээврийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэн хөгжүүлэх. Дархан-Уул аймагт оршин суудаг төмөр замчдын нийгмийн баталгаа орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж шийдвэрлэх. Дархан-Уул аймагт байрлах хүүхдийн төмөр замын бүтээн байгуулалт, үйл ажиллагааг өргөтгөх. Дархан-Уул аймагт ажиллаж, оршин суудаг төмөр замчдыг хөгжүүлэх сургалт зөвлөгөөн зохион байгуулах.

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг ОХУ-ын их, дээд сургуулиудад төмөр замын мэргэжлээр суралцах боломжийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, сайн дурын хөдөлгөөн, урлаг спортын үйл ажиллагаа, УБТЗ ХНН, Дархан-Уул аймгийн түүхийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг төмөр замчид хөндөн аймаг, орон нутаг, байгууллагынхаа удирдлагуудаас хариулт авчээ.





Дархан хотод 8-10 мянган айлын “Залуус” хорооллыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр барьж байгуулахаар 103 га газрыг төлөвлөсөн. Гэр хорооллыг тэлэхгүй байх бодлогын хүрээнд гэр бүлийн хэрэгцээнд газар олголт хийхгүй байх шийдвэрийг аймгийн засаг дарга гаргасан. Шинээр байгуулах суурьшлын бүсэд, дахин төлөвлөлтийн хүрээнд байгууллагуудад орон нутагтай хамтран ажиллаж ажилчдаа орон сууцжуулах боломжтой ажээ.

Мөн УБТЗ ХНН-ийн Улиасхан, Хэрэмхэн цэцэрлэгийн багш нарт төрийн байгууллагын багш нарт үзүүлж буй дэмжлэгийн адил зөөврийн компьютерээр хангахыг судлахаар болсон байна.

ОХУ-ын мэдэлд байдаг долоодугаар байрыг одоо оршин сууж буй иргдэд нь өмчлүүлэх асуудлыг орон нутаг дэмжинэ гэж аймгийн Засаг дарга Б.Ажзаргал хэллээ.




Тус хэлэлцүүлгийн үеэр Салхит өртөөний төмөр замчдаас гарсан саналын дагуу сургуулийн спорт заалыг ашиглуулахаар болжээ. Төрийн өмчийн сургуулиудын спорт заалыг иргэд, ААНБ-дад түрээслэн олсон орлогоороо заалныхаа засвар үйлчилгээг хийх нь зарчмын хувьд зөв гэж үзэж байгаагаа ч аймгийн засаг дарга онцоллоо.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр болон инженерийн шугам сүлжээний засварыг оршин суугчид 30 хувь, орон нутгийн төсвөөс 70 хувийн санхүүжилтийг гарган хийх бүрэн боломжтойг хэлээд төмөр замчдадаа ажлын амжилт хүслээ.



Өнгөрсөн хичээлийн жилд Монгол Улсаас ОХУ-д 95 оюутан суралцаж төгссөн аж. Үүний 22 нь Эрхүү, Санктпетербург, Новосибирскт хотын зам харилцааны чиглэлийн их, дээд сургуулийг дүүргэжээ. 18 дугаар сургуульд төмөр замын чиглэлээр сонгон суралцаж буй сурагчдыг ОХУ-д суралцуулах боломжтой.Энэ чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж төмөр замчдын мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж ирсэн гэж УБТЗ ХХН-ийн удирдлагууд онцоллоо. Мөн 2022 онд 8600 гаруй хүнийг ажлын байран дээр нь сургалтад хамруулсан гэж УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженер Старцев С.П хэлсэн юм.



Төмөр замчид "Хүүхдийн төмөр зам"-ыг Дарханы ес дэх бахархал болгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг мөн хүссэн. 12 дугаар сарын эхээр зохион байгуулах ИТХ-ын хуралдаанаар асуудлыг оруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжтойг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат хэллээ.

Цаашид талуудын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хэлэлцсэн олон асуудлууд бодит ажил болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.



Улаанбаатар төмөр зам ба Дархан-Уул аймгийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх хэлэлцүүлгийн төгсгөлд аймаг орон нутаг, УБТЗ ХНН-ийн шагналаар эрхэлж буй ажилдаа амжилт гаргасан зарим хүмүүсийг шагнан урамшууллаа.

 

Related news