“Смарт” технологи нэвтрүүлэхэд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-11-23 13:35:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) хамтран “Смарт” технологи нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөр бэлтгэж, хамтран ажиллах санамж бичигт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн захирал Ш.Энхтүвшин гарын үсэг зурлаа.


Байгаль хамгаалагч болон хууль сахиулах байгууллагын эргүүл, хяналт шалгалтыг үр дүнтэй, чанартай хийхэд түлхэц болгохоор дэвшилтэт технологийн “Смарт” программыг эхний ээлжид байгаль хамгаалагчдын хэрэглээнд нэвтрүүлэх юм.


“Смарт” программыг хэрэглээнд нэвтрүүлснээр тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, ажиглалт, тухайн бүс нутагт хийх байгаль хамгаалагчийн эргүүл шалгалт, аюулгүй байдалд техникийн шийдэл ашиглан цахимаар хяналт тавих боломж бүрдэнэ. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн нэгдсэн сантай болж, байгаль хамгааллын үйл ажиллагааг шуурхай мэдээлэх, оновчтой төлөвлөж, үр дүнг тооцон дүн шинжилгээ, тайланг үнэлэх боломжтой юм. Түүнчлэн байгаль хамгаалагч нарт тодорхой орон зайд хяналт шалгалт зохион байгуулж эргэн тайлагнах арга хэрэгсэл (SMART)-ийн дагуу өгөгдөл, мэдээллийг цуглуулах, сүлжээтэй газарт автоматаар мэдээлэл илгээх, мэргэжилтэн нь тухайн цаг үед шууд харах, эргүүлийг дахин төлөвлөх ач холбогдолтой. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад эргүүл хяналт шалгалтын мэдээллийг БОАЖЯ-нд хүлээн авах тухайн цаг үед нутаг дэвсгэрийг нь шууд харах нөхцөл бүрдэж байна. Мөн мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг программын тусламжтай хэрэгжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах боломжтой.


Уулзалтын үеэр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнхөд "Смарт" холбоос программд нэвтэрсэн Говийн бүс нутагт байрлах Говийн Бага ДЦГ, Говь гурвансайхны БЦГ, Их Нартын БНГ болон Их Газрын чулуу БЦГ-ын Хамгаалалтын захиргаадын мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын Смарт арга зүйг ашиглан эргүүл, хяналт шалгалт зохион байгуулж буйг цаг тухай бүрд нь хянахад туслах хүчин чадал бүхий компьютер гардуулан өгөв.


“Смарт” программыг эхний ээлжид байгаль хамгаалагчид ашиглан, цаашид сайжруулан хөгжүүлж, төрийн захиргааны төв байгууллагын хэрэглээнд нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэх аж. “Смарт” удирдлагын системийг дэлхийн 60 гаруй улс орон ашигладаг төдийгүй 17 улс Засгийн газрын түвшинд хэрэглээндээ нэвтрүүлжээ.

Related news