Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-11-23 16:01:59

ПАРИС. /Xinhua/. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт энэ онд 3.1 хувьд, 2023 онд 2.2 хувьд хүрч буурах төлөвтэй байна гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ мягмар гарагт танилцуулсан тайландаа мэдээллээ.


Ингэснээр энэ оны үзүүлэлт дэлхийн эдийн засаг коронавирусний цар тахлын үр дагавраас сэргэж байсан 2021 оныхтой /5.9 хувь/ харьцуулахад ойролцоогоор тэн хагаст нь хүрч, улмаар Орос-Украины зөрчлийн улмаас 2023 онд улам саарах төлөвтэй байна.


“Ази тив 2023, 2024 онд өсөлтийн гол хөдөлгүүр болох бол Европ, Хойд Америк, Өмнөд Америк маш сул өсөлт үзүүлнэ” гэж Эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд дурджээ.


ЭЗХАХБ-ын төсөөлж байгаагаар, Азийн хөгжиж буй томоохон зах зээлүүд 2023 оны дэлхийн ДНБ-ий өсөлтийн дөрөвний гурав орчмыг бүрдүүлэх хандлагатай байгаа бол АНУ, Европын эдийн засгууд саарах төлөвтэй байна.


“Эрчим хүч, хүнсний үнэ өсөж, хэрэглэгчдийн итгэл сулран, нийлүүлэлтийн сүлжээний саатал тасалдал үргэлжилж, мөнгөний бодлогыг чангатгасны нөлөөгөөр еврогийн бүсийн эдийн засгийн өсөлт 2023 онд 0.5 хувьд хүрэх тооцоотой байна” гэж тус байгууллага мэдээлжээ. Мөн АНУ-ын эдийн засаг 2022 онд 1.8 хувь, 2023 онд ердөө 0.5 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна.


Эрчим хүчний зах зээлийн хувьд гол эрсдэлүүдийн нэг хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор цэвэр эрчим хүчний эх үүсвэр, технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг түргэсгэх нь эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэдгийг ЭЗХАХБ тайландаа онцолжээ. 

Related news