БАЯН-ӨЛГИЙ: 16 нас хүрсэн иргэдийн “Андгай өргөх ёслол” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-11-25 21:32:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх, шударгаар хөдөлмөрлөж төр түмнээ эрхэмлэн дээдлэх, түүх, соёлоороо бахархах үзэл төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг орон даяар жил бүр зохион байгуулдаг.


Тухайн онд 16 нас хүрч буй Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөллийн уламжлалт андгай өргөх ёслол аймгийн ЗДТГ-ын Хурлын зааланд өнөөдөр боллоо.


Уг ажлыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 20 дахь жилдээ зохион байгуулсан байна.


Монголын бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баярыг тохиолдуулсан үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаас 25 сурагч оролцов.


Андгай өргөх ёслолд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Пернегүл, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Амангүл нар хүрэлцэн ирж 16 настнуудад баяр хүргэв. Мөн иргэний үнэмлэх, батламж гардуулан өглөө.

Related news