БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан 26 чингэлэг мах гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-29 08:51:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ руу хийх мах, махан бүтээгдэхүүний экспорт сэргэж, энэ сарын 15-наас гаргаж эхэлсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэнгээс тодруулбал, өнгөрсөн 7 хоногт БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан 26 чингэлэг буюу 550.8 тонн махыг 9 компани гаргажээ. Хоёр компани 128 тонн адууны мах экспортлосон байна.


БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах гаргаж, адууны махыг түүхийгээр экспортолж байгаа аж. Өнгөрсөн онд манай улс 67 сая тоо толгой мал тоолуулж, энэ онд нийт 24 сая төл хүлээн авсан. Одоогийн байдлаар 90 орчим сая мал бэлчээрт байгаа юм байна. Үүнээс аймаг, орон нутаг өөрийн хэрэгцээнд 6.7 сая мал, нийтдээ хот суурин газрын хүн амын хэрэглээнд 13 сая мал нийлүүлэхээр төлөвлөжээ. Харин экспортод 6.5 сая толгой мал буюу 180 мянга орчим тонныг гаргах бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.


Энэ онд манай улс ОХУ, Киргиз, Казахстан, Катар, Кувейт зэрэг улс руу 6.5 мянган тонн мах экспортолжээ. 2021 онд БНХАУ тодорхой бус шалтгаанаар махны импортоо зогсоогоод байсан. Монгол Улсын махны экспортын 90 орчим хувийг урд хөрш эзэлдэг юм. 

Related news