СҮХБААТАР: Чихрийн шижин өвчнөөс үүдэлтэй идээт үрэвсэл их гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт чихрийн шижин өвчний тохиолдол сүүлийн
жилүүдэд эрс нэмэгджээ. Уг өвчний хүндрэлээс шалтгаалан бөөрний архаг дутагдалд
орж диализын аппаратад байнга ордог гурван иргэн байгаа бол нүдний хараа
алдагдах, хөлөө тайруулах тохиолдол тус бүр хоёр бүртгэгджээ.
Аймгийн хэмжээнд
одоогоор эмчийн хяналтад 372 өвчтөн бүртгэлтэй байгаагаас зургаа нь нэгдүгээр
хэлбэрийн хэв шинжтэй өвчтөн байна. Эдгээр нь ихэвчлэн 20-иос дээш насны
залуучууд байгаа бол энэ төрлийн өвчин 40-өөс
дээш насныхан болоод эрэгтэйчүүдэд элбэг тохиолдож байна гэв.
Энэ тухай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн их эмч Б.Уранцэцэг хэлэхдээ, чихрийн шижин өвчин бол чимээгүй тахал. Хүний биеийн цусанд тархаж, удаан хугацааны туршид ямар нэг зовуурь ирэхгүй явсаар гэнэт хүндрэх эрсдэл их. Тиймээс иргэд таны биед сахар байна гэж оношлогдсон л бол шууд эмчийн хяналтад орж байнгын эмчилгээ, зөвлөгөөгөө авах шаардлагатай. Сүхбаатар аймагт сүүлийн гурван жилд өвчний тохиолдол эрс нэмэгдсэн. Энэ нь амьдралын буруу хэвшил, хэт таргалалт, хорт зуршлын хэрэглээ зэрэг эрсдэлт хүчин зүйлтэй холбоотой.
Чихрийн шижин оношлогдсон тохиолдолд эмчээс 20, тухайн хүнээс 80 хувь шалтгаална. Тиймээс хувь хүний ухамсар, өөрөө өөртөө тавих хяналт, хоолны дэглэм барих зэрэг нь хамгийн чухал. Хяналт муу байснаас өвчнөө хүндрүүлж бие эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их байна. Ялангуяа сүүлийн нэг жилд чихрийн шижингээс үүдэлтэй идээт үрэвсэл маш их гарч мэс ажилбарууд олноор хийж байна гэлээ.
Чихрийн шижин өвчин оношлогдсон иргэдэд Эрүүл мэндийн сайдын тушаалаар эм, тариаг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгодог байна.