БАЯН-ӨЛГИЙ: Нэн ховор, ховор амьтдын амьдардаг нутагт эргүүл хяналт хийж байна.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-05 15:18:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт орших Сайр уулын Цагаан салаа, Сухайтын ам, Борт хэмээх газруудад 2018 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгээр автомат камер суурилуулсан.


Тус ажил нь камерын тусламжтайгаар ан амьтны зүйлийн бүрдэл, тоо толгой, зан төлөвийг тодорхойлох зорилготой аж.


Сайр ууланд Монгол Улс нэн ховор амьтдын тоонд орсон цоохор ирвэс болон янгир ямаа зэрэг ан амьтад нутагладаг. Толбо сумын байгаль хамгаалагч Х.Сураган идэвхтэн байгаль хамгаалагчидтай хамтран энэ өдрүүдэд нэн ховор, ховор амьтдын амьдрах тухайн нутагт эргүүл хяналт хийж байна.


Тэрээр, "Сайр ууланд 2018 онд нийтдээ 18 камер суурилуулсан. Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд саяхан ирж зарим камерт хадгалагдсан мэдээллүүдийг авах, батарейг нь солихоор аваад явсан. Удахгүй дахиж суурилуулна. Тус нутагт 350 орчим янгир ямаа, цөөн тооны ирвэс амьдардаг. Энэ жил өвс ногооны гарц тааруу байгаа тул өвөлжилт хүндэрвэл ан амьтдад зориулж био техникийн арга хэмжээ авах шаардлага гарах байх" хэмээн хэлэв. 











Related news