Алт худалдан авах дэлхийн анхны АТМ-ийг Энэтхэгт суурилуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2022-12-06 14:57:10

ШИНЭ ДЕЛИ. /The Economic Times/. Зээлийн болон дебит картаар алтан зоос худалдан авах боломжтой дэлхийн анхны “АТМ”-ээр Энэтхэгийн Хайдарабад хотынхон үйлчлүүлж эхэлжээ.


АТМ-ээр дамжуулан алт худалдах шинэлэг технологийг Энэтхэгийн “Goldsikka Pvt Ltd” компани боловсруулжээ. Тус компани мөн төхөөрөмжөө гаргасан байна. Энэхүү төхөөрөмж нь банк, үнэт эдлэлийн дэлгүүрт очихгүйгээр санхүүгийн алдагдлаас зайлсхийж, алтанд хөрөнгө оруулах таатай боломжийг хүссэн хүн бүрд олгоно гэж компанийн төлөөлөгч хэллээ. 


24 каратын 5 кг алтан зоосны багтаамжтай уг АТМ-ээс үйлчлүүлэгчид 0.5 граммаас 100 грамм хүртэл найман сонголттойгоор алт худалдан авах боломжтой байна. Лондоны хөрөнгийн бирж дээр үнэт металлын үнэ өөрчлөгдөхөд дэлгэцэн дээр нь алтны үнэ шинэчлэгдэж байдаг нь АТМ-ийн чухал онцлог гэнэ. Түүнчлэн хакердахаас хамгаалах найдвартай системтэй, дүрс бичлэгийн камер, дуут дохиоллоор тоноглогдсон бөгөөд цагдаа нартай харилцах шугамтай ажээ. 


Шинэлэг АТМ ашиглалтад орсон эхний өдөр 20 үйлчлүүлэгч үйлчлүүлжээ. “Goldsikka” компанийнхан Энэтхэгийн хотуудад 3000 ийм АТМ суурилуулж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гарахаар төлөвлөж байна.

Related news