СҮХБААТАР: Коронавирусний дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-06 14:40:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баруун-Урт суманд коронавирусний дөрвөн тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр аймгийн нэгдсэн эмнэлэгт халдварын улмаас долоон иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний нэг нь хүүхэд байна.

Эмчлүүлэгчдийг биеийн байдлаар авч үзвэл хөнгөн тав, хүндэвтэр хоёр иргэн байна. Мөн гэрийн эмчилгээнд 10 иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн түвшин өндөр хэвээр байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэд халдварыг томуутай андуурах, үүний улмаас дур мэдэн эмчлэх, зарим нь үл тоож явсаар халдвар тараах эрсдэл их байна гэлээ. Мөн коронавирусний халдвар, томуутай хавсарч хүндрэх тохиолдол ч гарч байгаа аж. Тиймээс иргэдийг урьдын адил халдвар хамгааллын дэглэмээ сахих, бусдадаа шаардлага тавих, онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байж дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэж, дулаан хувцаслахыг анхаарууллаа. 

Related news