ӨВ СОЁЛ: Д.Чинчулуун 90 нас хүрсэн ч өдөр бүр ширдгээ оёдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-07 12:47:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуй бол тэр чигтээ соёл. Өөрөөр хэлбэл монголчуудын уламжлалт өв соёл энгийн нэг малчны, өндөр настны гарт байдаг. Тухайлбал хонины ноос, эсгий урлал бол дахин давтагдашгүй өв соёл юм. Энэхүү соёлыг тээж яваа эрхэм бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн, өдгөө 90 насыг зооглож яваа Дондовын Чинчулуун юм.


Насаараа хүүхдийн байгууллагад тогоочоор ажилласан тэрээр өндөр насны тэтгэвэртээ гарснаас хойш эсгийгээр ширдэг ширж, оёж явна. 1970-аад оны үеэс хүмүүсийн ширдэг оёж байхыг харж сурснаас гадна түүний ээж нь мөн эсгий ширдэг хүн байжээ.

Тэрээр ихэвчлэн үр ач нартаа өгнө гэж эсгий ширж, гудас олбог хийдэг. Өөрийн гараар хийсэн олбогоо хүүхдүүдэдээ өгөх нь түүний хувьд бахархал нь. Ширдгээ худалдаж, мөнгө болгох бодол байхгүй, тэгж ч чаддаггүй юм. Эсгий ширдгийг минь мэддэг болохоор нутгийн хүмүүс тэмээний ноос, эсгий авчирч өгдөг. Мөн хүүхдүүд маань цалингаасаа эсгий худалдан авч өгдөг тухайгаа хуучлав. Ингэж өдрийг завгүй өнгөрөөж олон ширдэг хийж, үр хүүхэд ач зээ нартаа өгчээ. Цаашид ч ширдгээ урласан хэвээр байна гэлээ. Нас дээр гарсан ч нүдний хараа, чихний сонсгол нь маш сайн аж.


Хуучны хүмүүс монгол гэрт тойруулга гэж гараараа ширдэг оёж урлан үр хүүхдүүдээ өрх тусгаарлахад нь өгдөг байсан монгол уламжлалаа хадгалан өөрийн хүүхдүүдэдээ урласан ширдгээ өгдөг. Цаашид мөн тэднийхээ хэн нэгэнд үүнийгээ өвлүүлэн үлдээхийг хүсдэг. Өнгөрсөн өвөл хотод өвөлжихдөө ганц нэг хүүхдэдээ зааж өгсөн. Сурмаар юм байна лээ. Хүмүүсийн оёж байгааг хараад сурчихсан болохоор сурсан мэдсэнээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлж яваа минь л энэ. Оёсон хийснийг минь хэрэгтэй нэг нь эдэлж хэрэглээд явж байна гэдэг л сайхан. Ер нь ийм ширмэлийг хүмүүс их сонирхоно, ялангуяа гадаадын иргэд ихэд сонирхдог.


Манай нутагт ирсэн нэг жуулчинд хэдэн олбог бэлэглэж байсан юм. Тэр хүн ихэд баярлаад, дараа нь бүр гэртээ олбогоо дэвсээд суучихсан зургаа шуудангаар илгээж байсан тухайгаа ч Д.Чинчулуун ярилаа.


Соёлын өв гэж юуг хэлдэг, өөрийгөө өв тээгч гэдгийг ч мэдэхгүй гэдгээ нуусангүй. Тэр бүү хэл одоо сумандаа ямар нэг байгууллагад харьяалагддаггүй ахмадын тоонд ордог тухайгаа ч хэллээ.


Эсгий ширдэг эдэлгээ удаан, маш дулаахнаас гадна сайхан урласан ширмэл ширдэг орон гэрийг чимдэг. Д.Чинчулуун эмээ тагнай, алх, савхан хээгээс эхлээд уламжлалт бүхий л хээ угалзыг ширдэгтээ урлаад зогсохгүй эмжээрийн дээсийг хүртэл өөрийн гараар томдог. Түүнд ээжийнх нь хэрэглэж байсан, эртнээс уламжлагдан ирсэн ээрүүл хүртэл байдаг. Түүнийгээ одоо ч байнга ашигладаг.

 

 

 

Related news