БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн 2023 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-12-14 10:08:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ сарын 1, 2-ны өдрүүдэд ээлжит 11 дүгээр хуралдаанаа хийж, 2023 оны төсвийг баталсан.


Хурлаас баталсан уг төсөвт аймгийн Засаг дарга Д.Бауыржан энэ сарын 12-ны өдөр бүхэлд нь хориг тавилаа.


Аймгийн Засаг дарга үндэслэлээ, "төсвийн тухай хуулийг зөрчиж, санхүүгийн эх үүсвэргүй орлого талыг хэт өндөр төлөвлөж баталсан" хэмээн тайлбарлаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьжээ.


Харин төсөвт санхүүгийн эх үүсвэргүй ямар төсөл, арга хэмжээ тусгасныг дэлгэрэнгүй дурдаагүй байна.


Хуульд зааснаар аймгийн Засаг даргын тавьсан хоригийг хурал хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэх бөгөөд түүнийг нийт төлөөлөгчийн олонх нь хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн шийдвэр, тэдгээрийн холбогдох хэсгийн заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээх зохицуулалттай юм. 

Related news