ДОРНОГОВЬ: Аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-14 10:49:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөндлөн төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр гээд томоохон төсөл хөтөлбөрүүд Дорноговь аймагт хэрэгжиж буйтай холбогдуулан аж үйлдвэрийн үйл ажиллагаа, аялал жуулчлал, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, эдийн засгийн шинэ бүтцийг бий болгохоор Дорноговь аймгийн аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөө батлах шаардлага тулгарчээ.

Дорноговь аймгийн ЗДТГ Монголын үйлдвэр технологийн паркуудын нэгдсэн холбооны дэргэдэх Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд энэ оны 12 дугаар сарын 4-нд хуралдсан аймгийн ИТХ-д дээрх стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулсан байна.

Аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөө нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, суурь дэд бүтцийг би болгож нэгдсэн системд оруулах, үйлдвэрлэлийн хүчин зүйлс, үйлдвэрлэлийн харилцаанд тулгуурлан аж үйлдвэрийн бодлогыг шинэ шатанд гаргах, эдийн засгийн бусад салбарыг хөгжүүлэх зэргээр шаталсан бөгөөд үүний дараа хоёрдугаар үе шат буюу үйлдвэржүүлэх, барилгажуулах, механикжуулах, цахилгаанжуулах зэрэг томоохон ажлыг гүйцэтгэхээр төлөвлөгөөнд тусгажээ.

Дээрх  аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөөг аймгийн ИТХ-аар хэлэлцэж аймгийн Засаг даргаар ахлуулсан агентлагийн дарга нар, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын Засаг дарга болон бусад холбогдох албаныхныг багтаасан  Ажлын баг байгууллаа.

Ажлын баг нь сумдад ажиллаж сумын хөгжлийн төлөвлөлтүүдийг судлах, анхан шатны суурь судалгааг гаргах, ард иргэдтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, шинэ санал санаачилгыг тусгах ажлыг зохион байгуулах бөгөөд аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах  ажлыг хэрэгжүүлэх юм.

Related news