СЭЛЭНГЭ: МСҮТ-ийн багш нарын дунд ур чадварын тэмцээнийг анх удаа зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-14 13:57:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. МСҮТ-ийн багш нарын мэргэжил, арга зүйг сайжруулах зорилгоор автомашин засварчин мэргэжлийн багш нарын дунд ур чадварын тэмцээнийг анх удаа зохион байгуулжээ.


Сэлэнгэ аймгийн Шаамар сум дахь МСҮТ-өөс санаачлан өөрийн сургуулийн бааз сууриа түшиглэн зохион байгуулсан энэхүү тэмцээнд “Дархан-Өргөө”, Дархан Политехник колллеж, Сэлэнгэ, Төв аймгийн МСҮТ-ийн багш нар оролцож ур чадвараа сорьсон байна.


Уралдаан үндсэн хоёр ажилбартай бөгөөд нэг ажилбарыг нь оролцогч өөрөө сонгоод, тодорхой хугацаатайгаар, 3 үе шаттай гүйцэтгэсэн аж. Тодруулбал багш нар тэнхлэг тохируулах, автомашиныг компьютерээр оношлох, автомашины явах эд ангийг засварлах зэрэг даалгаврыг хийж гүйцэтгэжээ.


Ингээд ур чадварын уралдааны шилдгээр “Дархан-Өргөө” Политехникийн коллежийн автомашин засварчин мэргэжлийн багш О.Нямдаваа тодорсон байна. Тэрээр: ”Би 10 дахь жилдээ багшилж байна. Манай төгсөгчид төгсөөд 100 хувь ажлын байртай болдгоороо онцлогтой. Мөн хүүхдүүд цаашид их сургуульд дэвшин суралцах, өөрийн сургуульдаа үлдэх боломж ч байдаг” хэмээн ярилаа.


Уралдааны дэд байрт Сэлэнгэ аймгийн СМҮТ-ийн автомашин засварчин мэргэжлийн багш Э.Тэнгис шалгарсан аж. Тэрээр: ”Би мэргэжлийн боловсролын салбарт 8 дахь жилдээ ажиллаж байна. Намайг ажиллах энэ хугацаанд төвийн бүсийн хэмжээнд анх удаа ийм тэмцээнийг зохион байгуулж байна. Өмнө нь нэг ч удаа болж байгаагүй. Тэмцээнд орсноор шинэ тоног төхөөрөмж дээр ажиллаж сурлаа. Шинэ зүйлүүдийг ч бусад багш нараасаа сурлаа. Мөн ажиллаж үзээгүй тоног төхөөрөмж дээрээ ч ажиллаж үзлээ.

Энэ шинээр мэдэж, сурсан зүйлээ цаашид хүүхдүүддээ ч бас зааж сургана. Ингэснээр сурагчид ажлын байран дээр гарахад илүү дэм болно гэж бодож байна” гэлээ.


Энэхүү ур чадварын уралдааныг маш их ач холбогдолтой боллоо хэмээн оролцогчид дүгнэж байв. Учир нь газар дээр нь сурч мэдэж, мэдлэг чадвараа дээшлүүлэхээс гадна нүдээрээ харж, гараараа барьж суралцана гэдэг маш давуу боломж гэв. 

Related news