ДАРХАН-УУЛ: Бүс нутгийн амьдралыг нүдээр харж, танилцах айлчлалаа Дарханаас эхлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-12-15 15:33:54

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьж Монгол Улс дахь дипломат үйл хэргээ албан ёсоор эхлүүлсэн АНУ-ын Элчин сайд, ноён Ричард Буанган Дархан-Уул аймагт айлчиллаа. Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нар Элчин сайд болон албаны төлөөллийг лхагва гарагт хүлээн авч уулзлаа.


Элчин сайд Ричард Буанган уулзалтын эхэнд: “Монгол орноор хийх албан айлчлал, аяллаа Дархан, Сэлэнгэ, Булган зэрэг хойд бүсийн аймгуудаас эхэлж байна. Бүс нутгийн хөдөлгөөнтэй амьдралыг нүдээр харж, танилцах боломж олдсонд талархалтай байна. Энэ удаа Дарханы хөгжлийн тухай, Монголын эдийн засагт гүйцэтгэж буй үүргийн талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй ирсэн. Биднийг халуун дотноор угтан авч буй орон нутгийн удирдлагуудад талархаж байна” гэв.


Дархан-Уул аймаг Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Өирвинг хоттой 2006 онд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш тус улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр ирсэн түүхтэй.

Шинээр томилогдсон Элчин сайдын энэ удаагийн айлчлал АНУ-ын албаны төлөөллийн Дархан-Уул аймагт хийсэн 4 дэх удаагийнх гэдгийг аймгийн Засаг дарга Б.Азжаргал цохон тэмдэглэв. Ирэх 12 жилд Дархан хот мэдээлэл технологи, инновацад суурилсан аж үйлдвэрийн хот болно гэж томьёолж, түүнийхээ төлөө аймаг, орон нутгийн удирдлагууд, ард иргэдийнхээ хамт ажиллаж буйг онцолсон.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн эхлүүлсэн "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч аймаг болох зорилго тавьсан. Дээрх зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд хүүхэд, залуучуудынхаа боловсролд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай. Тиймээс дараагийн уулзалтууд үүнд илүү чиглэгдэх байх гэдэгт итгэлтэй байна гэж Дархан-Уул аймагт айлчилсан Элчин сайд Ричард Буанганд Дарханчуудынхаа өмнөөс дахин талархал илэрхийллээ.


Дархан-Уул аймгийн ИТХ-аас “Боловсрол-2032” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд багш, сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах, хүүхэд, залуучуудад тэгш хүртээмжтэй боловсрол олгоход чиглэсэн бодлогын баримт бичигт тусгасан үйл ажиллагаануудыг аймаг орон нутгаас хэрэгжүүлж эхэлсэн.



Түүнчлэн Засгийн газраас баримталж буй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Дархан хотод эхний ээлжинд 20 мянган хүн хүлээн авахаар төлөвлөж буй энэ үед нэн түрүүнд хүний хөгжил, боловсон хүчнийг чадавхжуулах тал дээр АНУ-тай хамтран ажиллах сонирхол их байгааг аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат илэрхийлж, аймаг орон нутгийн зүгээс бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэв.


Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байгааг харилцан илэрхийлсэн юм. АНУ-ын Элчин сайд Ричард Буанган айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн онд Дархан-Уул аймагт байгуулсан Америкийн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд залуучуудтай уулзсан аж.

Related news