С.Энхболд: Сувилахуйн тусламжийн шинэчлэлийг үргэлжлүүлэн сувилагч мэргэжлийн үнэ цэнийг өсгөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-12-16 08:15:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн түүхт 25 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Олон улсын эрдэм шинжилгээний хурал болон Сувилахуйн удирдлага, манлайлал сургалт”-ыг 2022 оны 12 дугаар сарын 15-17-нд зохион байгуулж байна.


Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож  нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч амжилттай даван туулсан сувилагч нарт талархал илэрхийлэв. Мөн ЭМЯ-наас сувилагчийн нийгмийн асуудлыг шийдэх чиглэлд 2022 оны наймдугаар сард 300 орчим эрүүл мэндийн ажилтанд орон сууцны урьдчилгаа 20-30 сая төгрөг буцалтгүй тусламж хэлбэрээр олгосныг дурдаад цаашид эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд эмнэлгүүд сувилагч нарын цалинг 2022 онд 20-30 хувь нэмээд байгааг улам нэмэгдүүлэх чиглэлд ажиллана гэдгээ хэллээ. Мөн тэрбээр сувилагчийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлууд болон цаашид хийх ажлын талаар дурдав. Тухайлбал, сувилагчийн дутагдалтай байгаа орон нутагт  АШУҮИС хамтран сувилагч бэлдэж эхэлснийг дурдаж,  сувилахуйн тусламжийн шинэчлэлийг үргэлжлүүлэн сувилагч мэргэжлийн үнэ цэнийг өсгөж, сувилагч нарын боловсролд хөрөнгө оруулалт хийх, манлайллыг нэмэгдүүлэх, ажлын байрны аюулгүй байдлыг хангах чиглэлд улам ихээр анхааран ажиллана гэв.
Мөн хуралд Олон улсын Сувилахуйн нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Японы сувилахуйн нийгэмлэг Олон улсын стратегийн зөвлөх, профессор Тэшима Мэгүми “Бидний манлайллын дуу хоолой”, “Сувилагчийн ээлжийн зохицуулалт” сэдвээр зочин илтгэгчээр уригдан оролцсон бол Жайка олон улсын байгууллагын Сувилахуйн мэргэжилтэн Сүгүвара, 21 аймаг, Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудын Сувилахуйн албадын дарга нар, салбар нийгэмлэгийн тэргүүн, сувилагч нарын төлөөлөл нийт 500 гаруй сувилагч мэргэжилтэн оролцов.

Тус Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар  Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх стратегийн тэргүүлэх чиглэл болох сувилахуйн боловсрол, ажлын байр, удирдлага, манлайлал, тусламж үйлчилгээ гэсэн 4 чиглэлд нийт 50 гаруй илтгэлийг хэлэлцүүлэх юм.




Related news