С.Дулам: 1990-ээд оны өөрчлөлт, шинэчлэлээс бид ганц л зүйл хүлээж байсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2022-12-20 16:56:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголдоо монгол бичгээр дагнан гардаг цор ганц "Хүмүүн бичиг" сонины хагас жарны түүхэн ой энэ онд тохиож буй. Тус сониныг Ардын багш, хэл бичгийн шинжлэх ухаан доктор, профессор С.Дуламын шүлгээр нэрлэсэн түүхтэй. Хэл соёл, үндэснийхээ бичгийг дээдэлдэг монгол хүн бүрийн унших, ишлэх дуртай энэхүү шүлэг 1988 онд хэрхэн "төрсөн"-ийг тэрбээр ийнхүү өгүүллээ. 


-Үндэсний монгол бичгээр сонин гаргаж байсан уламжлал бараг хагас зууны дараа Монгол Улсад сэргэж, 1992 онд “мэндэлсэн” сониныг таны шүлгээр нэрлэжээ. Монголын хэвлэлийн түүхэнд шүлгийн нэрээр нэрлэгдсэн сонин “Хүмүүн бичиг”-ээс өөр байхгүй болов уу. Тухайн үедээ шинэ, содон сонины нэрийг таны шүлгээр нэрлэснийг хэрхэн анх мэдэж байв, танаас яаж зөвшөөрөл авч байсан бэ?

-Эхлээд надаас амаар асуусан. Би Францад багшилж байгаад 1987 онд Монголд ирсэн. Тэр үед “Болор цом” гэдэг наадам болдог болчихсон байлаа. 1987 оны “Болор цом”-д “Ертөнцийн гурав” гэдэг шүлэг уншсан юм. Тэр үед залуу, онгодтой байсан юм уу даа. “Болор цом”-д дуулиантай шүлэг уншвал яасан юм гэж бодогдсон.  

Бодоод байсан чинь, монгол бичгийг хүн гэж бодвол зөвхөн дүрс нь төдийгүй, оюуны утга нь ч хүний хувь заяаг туулжээ. Тиймээс энэ бичиг бол хүн бичиг юм, хүнийг орлох бичиг юм гэдэг санаа орж ирсэн. Тэгээд Ач үрстээ ад үзэгдэх адал заяаг эдэлсэн бичиг минь” хэмээн хүний амьдралд болдог тэр л нэг хувь заяаг монгол бичиг минь амсаж, бас хэлмэгдсэнийг“...Өлгийтэй хойчдоо золгохсон гэхдээ

Өлөн дэрсний унгитай ороолдож...” гэх мэтээр бичсэн л дээ.

Тэгэхээр хэлмэгдэл бол хүнийг ганц дайрсан биш Монголын бичиг, соёлыг дайрсан. Тэр хувь заяаг амссан соёл бол бидний монгол бичиг гэдэг утгаар энэ шүлгийг бичсэн юм.  


-“Хүмүүн бичиг” шүлгээ та асуултаар төгсгөсөн байдаг. Мэдээж үүнд олон санааг зангидсан байх?  

-Тийм ээ, хэлмэгдэж хохирч явсан үе нь өнгөрлөө, цаг үе өөр боллоо, одоо тэгээд монгол бичгээ яах юм хэмээн асуудал дэвшүүлсэн хэрэг шүү дээ.   

Миний хамгийн ойр, бүх юманд ухаанаа хайрладаг Чой.Лувсанжав багшдаа шүлгээ анх үзүүлсэн. Улсын Бага Хурлаар монгол бичгийн тогтоол гаргуулах гэх мэт монгол бичгийн бүхий л асуудалд багшийгаа дагаад явдаг байлаа. Багш маань яруу найргийг айхтар сонирхоод байдаггүй хүн. Гэхдээ шүлгийг маань уншиж үзчихээд бидний зорилго чиглэлд хэрэг болох шүлэг санагдчихлаа гээд ганц хоёр үгийг засаж өгсөн. Бичгийн их утгачийн санаа үгс шүлэгт маань чимэг болсон л доо.


“Монгол бичгийн тухай олигтой шүлэг байхгүй, энэ чинь харин гайгүй шүлэг болох нь шиг байна” гээд багш маань маш их баярлаж билээ. Шавийн гол үйл хэрэг бол багшийгаа баярлуулах шүү дээ.


Тэгээд багшийгаа гайгүй нэг баярлуулчихав уу гэж бодоод, энэ шүлгээ “Болор цом”-д уншихаар шийдсэн. Үзэгчид нэн таашааж, удаан алга ташиж, баярлаж хүлээж авсан. Тэр жил Т.Галсан багшийн “Жирмийн сүлжээ” тэргүүн байр эзэлсэн шүү дээ.

Олон түмэн миний шүлгийг их ярьдаг болсон. Сав санаандгүй янз бүрийн урилга их ирдэг болсон. Таны шүлгээр үнэхээр бахархаж байна, нэг үдэш хамт хөөрөлдье гээд Өвөрмонголын алдарт морин хуурч Чийбулаг урьж байлаа. Түүний дараа Монголын сэхээтнүүдээс хамгийн анх Т.Галдан /"Хүмүүн бичиг" сонины анхны эрхлэгч, сурв/ гуай надтай уулзсан. 


Тэгээд "Сайхан шүлэг бичсэн байна. Энэ шүлгийн нэрийг өөрийнхөө үүсгэн байгуулж буй шинэ сонины нэр болгож болох уу" гэж асуусан. Та зөвшөөрч байгаа бол бололгүй яах вэ гэж би хариулсан л даа.

Хэдэн жилийн дараа нь Т.Галдан гуай, хожим “Хүмүүн бичиг” сонины нэрийг хаанаас авав гээд ярихад, чи манай сонины нэрийг аваад шүлэг биччихсэн болох вэ гээд “Би чамд баримт хийж өгнө” гэсэн. Одоо бодоход Т.Галдан гуай холын хараатай хүн байж шүү дээ. Тэгээд гарын үсгээ зурсан албан бичиг нь одоо миний архивт байдаг юм.


-“Хүмүүн бичиг” монгол бичгийн сүлд дуу гэж хэлж болом, олон түмний унших, ишлэх дуртай шүлэг болжээ. Монгол бичигтнүүд “зулзган ногоо шиг дэлгэрсэн” ийм сайхан цаг үе ч ирсэн байна. Шүлгээр тань нэрлэгдэж, Монголын хэвлэлийн сүүлийн 30 жилийн түүхэнд "Монголдоо цор ганц" хэмээх тодотголтойгоор өнгө нэмж яваад ямар сэтгэгдэлтэй байдгаа хуваалцаж болох уу?

-Анх “Болор цом”-д уншсан шүлэг маань үндэсний хэвлэлийн нэр цол болоод цаашаа явчих байх гэж огт бодож байгаагүй, санаанд ч ороогүй. Гучин жилийн дараа эргээд харахад их сайхан үйл хэрэг байна аа. Зөндөө олон шүлэг байгаа ч шүлэг маань Монголын төв хэвлэлийн нэр болоод явж байгааг харахад “Ямар нэг юм бүтээчихсэн юм болов уу” гэж бодогдож байна. Сүүлийн үед хот, хөдөөгийн дунд сургуулийн сурагчид жагсаад, зарим нь бүр төрийн далбааны өнгөөр жигдрэн миний шүлгийг нийтээрээ уншиж буй бичлэг их олон болсон байна билээ. Хүүхдүүд цовоо цолгин хоолойгоор шүлэг уншихад их сайхан байх юм. Таны түрүүнд хэлдгээр үнэхээр зулзган ногоо шиг амилж байгаа ч юм шиг...  


Уран бичээч нар мөн мөр бадгаар нь юм уу, бүтэн шүлгээр нь уран сайхан бичсэн юмс ч харагдаж байх юм. Хамгийн ахмад хүмүүсээс гэвэл, Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн багш бурхан болохоосоо өмнө “Шүлгийг тань алдаа мадаггүй буулгаад өгье” гээд маш сайхан бичиж өгч байв. Түүнчлэн СУИС-ийн бүжгийн сургуулийнхан “Аригун” төвтэй хамтраад миний “Хүмүүн бичиг” шүлгийг уран бийрийн бичлэг, бүжиг, хөгжмийн гурамсан бүтээл болгох санаатай байгаа юм билээ.


-Олны эх хэлний мэдлэгт ч дусал болгон шүлгээс тань хоёр үгийг энэ ташрамд онцолж асуух гэсэн юм. “Удгал” гэдэг үгийг хэрхэн утгачилж болох вэ?

-Жороо морины нэг зүйл явдал юм. Удган жороо гэж бий. Морь болгон чаддаггүй. “Удган бөөгийн буухтай...” гэдэг нь язгуурын олон соёлыг холбосон үг юм аа. Уран бичгээр гайхалтай сайхан бичиж байгааг харахад үнэхээр удган жороо морины удгалж байгаа явдал шиг сайхан санагддаг.


-Харин дэрсний унги гэдэг нь ...?

-"Унги" гэж уг ёзоор гэсэн үг. “Өлөн дэрсний унгитай ороолдож...” гэдэг нь хэлмэгдүүлэлтийн үед баринтагтай судруудыг цацахад хуудас хуудсаар тарж, хуй салхинд хийссээр дэрсний унгитай орооцолдож үлдсэн байдаг байв. Ширүүн салхи босоход хамхуултай хүртэл өнхрөөд явж байхыг багадаа харж л байлаа.


Монгол бичигтэй юмыг үзэж чаддаггүй тийм нэг үе байсан. Феодалын хоцрогдсон юмыг устга, дургүй нь хүрвэл шатаана шүү гээд л... Ер нь хэлмэгдэл гэдэг ямар аймшигтай соёлын яргалал вэ гэдгийг дүрслэлээр хүртэл буулгахыг хүсэж тэдгээр үгсийг оруулсан л даа.


- Монгол бичгийг монгол хүн бүр сурах эрхтэй сайхан цаг морилж, төр засаг маань 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах шийдвэр гаргаад байна. Байгууллага, хамт олноороо монгол бичгээ сурцгааж байна. Монгол бичигтээ шүлгэн хөшөө босгосонд тань бичиг соёлоо эрхэмлэн дээдэлдэг хүн бүр талархдаг байх аа, Танд.


-Баярлалаа, ер нь энэ бичиг үсэгтэй хувь заяа маань холбогдох шалтгаан үргэлж гардаг юм аа. Гол шалтгаан бол багш нарын маань сургасан сургаал. Нэн ялангуяа, миний эрдэм номын хамгийн эрхэм багш, Монгол Улсын гавьяат багш, боржгон овогт, тайж угсаат Чой.Лувсанжав багшийгаа дурдах дуртай. Энэ бичиг үсгийн чухлыг, Монголын өв соёл ирээдүйд ямар их хэрэгтэйг багш маань л надад ойлгуулж, ухааруулсан. Энэ багшийн маань цаана, бидний өвөг багш Б.Ринчен багш байгаа л даа.


Би залуу байхдаа, Ри багштай уулзахгүй,  ганц үг асууж чадахгүй явбал маш тэнэг хэрэг болно гэж бодоод өдөр судар харж байгаад уулзаж байсан тэмдэглэлээ одоо болтол нандигнаж явдаг. Ри багш, Чой.Лувсанжав багш нар маань надад үнэхээр гүн гүнзгий ухаарал хайрласан.


Багш маань энэ бичиг соёлыг сэргээхийн төлөө бүх амьдрал, бүх амьсгалаа зориулсан хүн. Тэр байтугай энэ үйл хэргийн төлөө өрөөсөн нүдгүй болсон хүн шүү дээ. 


Ном шагайсаар өөрийгөө тийнхүү золиосолсон.

1990-ээд онд юм өөрчлөгдөхөд бид ганцхан зүйл л хүлээж байсан. Дэлхий дахины жам ч бай, юу ч бай, эндээс монголчуудын хувьд үндэсний бичгээ сэргээчих л юм бол өөрчлөлт шинэчлэл,  ардчиллын хамгийн дээд үнэ цэн нь тэр болно гэж бид ярьдаг байсан. Тэгээд Улсын Бага Хурлын тогтоолыг оруулсан. Улсын Бага Хурлын гишүүдийн дунд чанх эсрэг хүмүүс ч байв, маш их гай болсон хүн ч бий, маш их итгэж байсан хүн эсрэг болсон удаа ч байсан. Тэр болгоныг бид хамтдаа даван туулж, өдөр шөнөгүй ажиллаж байж монгол бичгийг тодорхой хэмжээнд сэргээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулсан л даа. Мөн Монголын хувь заяа, эрдэмтэн мэргэн багш нарын маань ерөөл түшсэн байж таарна.


Гэртээ одоо хүртэл хадгалж, үргэлж бодож, бичих дуртай “Монгол бичиг, соёлд өвөг дээдсийн маань сүнс онгод оршдог” гэж нэг үг байдаг. Энэ бичиг үсгийн ацаг, шүд бүхэнд бидний өвөг дээдсийн сүлд онгод оршиж байгаа, биднийг зоригжуулж байгаа гэсэн үг юм л даа. Энэ үгээр би жигүүрлэж явдаг.


С.Дулам:


    Хүмүүн бичиг

 

Тэнгэр газар хоёрыг учруулж

Намираа хур орох мэт

Тэнүүн уйтан хоёрыг учирлаж

Морин хуур дарах мэт

Тэлмэн жолоогийн удгал

Монгол бичгээрээ бичдэг сээн

Титэм, шүд, нуруу, шилбэтэй

Тэр чигээрээ хүн–бичиг минь

Харанхуй шөнийн цахилгаан цахихад

Хаялга цацалга нь зуралзах мэт болдог

Хаврын уриар цас ханзрахад

Хархан бийрээр таталгах шиг болдог

Халуун хошуут малын данс шиг

Халзан цагаан сүрэг минь бэлчдэг

Хөлгөн судрын мэргэн гарчиг шиг

Хөндлөн хөх уулс нь бидэртдэг

Удам залгасан нутгийнхаа хаанаас ч

Худам бичгийнхээ дүрсийг үгүйлдэг

Төр улсынхаа тамганд сийлээстэй

Түмэн газрын хэрэмнээс ч дуулиантай

Түвшин мэргэдийн өвөрт хуйлаастай

Түүх бүтээлцэж явсан бичиг минь

Арвис эрдмийн ариун дээжийг

Арван ухааны номонд ботилж

Есөн эрдэнээр хувилган гэрэлтсэн

Ер бишийн хувь тавилантай

Маргаж болшгүй ганц үнэнийг

Маргад эрдэнэ шиг биеэсээ сацруулж

Малчин түмнээ  хувьсгалд уриалсан

Марташгүй нэгэн гавьяатай

Нумын хөвч шиг бичиг минь үгүй бол

Нууц товчоогоо юугаар бичих вэ?

 

 

Гэрэлт хөшөөгөө юугаар сийлэх вэ?

Гэсэр, Жангараа юугаар хайлах вэ?

Мянган настай бичиг минь үгүй бол

Мяндсан баринтагт номуудаа яах вэ?

Мяралзан өнгөрөх олон зуунаар

Марталгүй ирсний учир нь юу вэ?

Өлмий дээрээ гишгэсэн хүн шиг

Өөдөө уруугаа тэшсэн бичиг минь

Ач үрстээ ад үзэгдэх

Адал заяаг амссан бичиг минь

Догшин өвгөдийн түүхийг хайлсандаа

Дорнын өв соёлыг хадгалсандаа

Долоон бурхны домгийг хямгадсандаа

Дордож буурсан, доройтож буруутсан

Төрсөн эхийнхээ буурал тэргүүнд

Түймэр асаахыг хэн сургав?

Түүхээ өмөөрөх хүний совинг

Түйрэн болгож хэрхэн чадав?

Галын дөлөнд хөдөс шиг хунирч

Гар сарвалзуулан шатаж байхдаан ч

Ганц хоёроор үлдсэн тасархай нь

Гадаа хөдөө хийсч байхдаан ч

Өлгийтэй хойчдоо золгохсон гэхдээ

Өлөн дэрсний унгитай ороолдож

Өндөрхөн  жалганд тогтох сон гэхдээ

Өргөст хамхуултай өнхөрч явсан

Түүхээн өмөөрөх зөн совингий нь

Түйрэн болгосон хэдэн хүн минь

Түүхийн өмнө ухаан нь хүчгүй

Түүдэг болсон хэдэн ном минь

Худал хэлдэггүй утга нь шударгуу

Хулсан үзэг шиг дүрс нь  шударгуу

Хуучин гэдэг хоч нь л хуучирснаас

Хувь заяа нь огтхон ч хуучраагүй

 

 

Үсэг болгон нь эрдэнийн шинжтэй

Үе болгон нь эрдмийн шимтэй

Соёл мандлын буурал тэргүүн

Соёмбын өвөг таныгаа яах вэ?

 

        Улаанбаатар. 1988 он

  

Related news