СЭЛЭНГЭ: Д.Баттүвшин: Мэргэжлийн хяналт тэр чигтээ байхгүй болоогүй ажил нь үргэлжлээд явна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын
19-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг 2023 оны
нэгдүгээр сарын 1-ний өдрөөс татан буулгах шийдвэрийг гаргасан. Энэхүү
шийдвэртэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн МХГ-ын 34 албан хаагч харьяа 7
байгууллагад шилжин ажиллахаар болжээ.
-Энэ талаар Сэлэнгэ аймгийн МХГ-ын дарга Д.Баттүвшингээс тодруулга авлаа.
-Тэрээр: ”УИХ-аас
Төрийн хяналт шалгалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан
Монгол Улсын Засгийн газраас Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж,
чиглэлийн яамдад өг гэсэн тогтоол гарсан. Иймээс манай дээр Сэлэнгэ аймгийн
МХГ татан буугдсантай холбоотойгоор 34 байцаагч чиглэлийнхээ яамны харьяа
байгууллагууд руу шилжиж байна.
Энэ нь мэргэжлийн
хяналт тэр чигтээ байхгүй болж байгаа гэсэн үг биш. Одоо байгаа Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж байгаа болохоос биш, одоо ажиллаж байгаа байцаагч нар
цаад байгууллагадаа очоод мэргэжлийн хяналтын чиг үүргээ үргэлжлүүлээд,
хэрэгжүүлээд явна. Олон нийтээс олон асуулт ирж байна. Шалгаж байгаа хэргүүдээ
яах вэ гэж. Үүнийг орхиод хаяж байгаа хэрэг бол байхгүй. Байцаагч нар харьяа яамдынхаа байгууллагуудад очоод үргэлжлүүлээд хэргүүдээ шийдвэрлээд явах
учиртай.
-МХГ-ын байцаагч нар хаана, аль байгууллагуудад хэрхэн хуваарилагдан
очиж байгаа талаар тодруулж өгнө үү?
-Аймгийн
Засаг даргын хэрэг эрхлэх асуудлын хүрээнд дараах агентлагуудад шилжин очиж
байна. Тухайлбал аймгийн ХХААГ-т хүнсний болон таримал ургамал, үр, хорио
цээрийн байцаагч нар. Мал эмнэлгийн газарт мал эмнэлгийн хяналт хариуцсан болон
мал үржлийн байцаагч нар очиж байна. Мөн ГХБХБГ-т газрын харилцааны байцаагч, барилгын
техникийн улсын байцаагч, усан хамгамж, ариутгах татварын байцаагч. Энд хамгийн
их өргөдөл, гомдол ирдэг барилгын техникийн хяналтын байцаагч дээр дүгнэлт гаргуулах
асуудал ирдэг. Цаашид энэ асуудлыг сумын ГХБХБГ-т хандаж ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс шийдвэрүүлэх нь.
Мөн ХХҮХ-т
хөдөлмөрийн асуудал болон нийгмийн даатгалтын асуудлыг хариуцсан байцаагч нар, ЭМГ-т эрүүл ахуйн болон эмчилгээний чанарын улсын байцаагч нар очиж байна. Тиймээс
эмчилгээ сувилгаа, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, асуудлыг ЭМГ-т очиж шийдвэрлүүлэхээр болж байна. Түүнчлэн БОАЖГ-т геололги уур уурхай,
Байгаль орчны байцаагч нар очиж байгаа.
Аймгийн ЗДТГ-т
авто замын хяналт, авто тээврийн хяналт, харилцаа холбооны хяналт, эрчим хүчний
хяналтын улсын байцаагч нар очиж байна. Мөн иргэдийн хамгийн их гомдол мэдээлэл
гаргадаг хяналт бол эрчим хүч байдаг. Мөн аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэст стандартын хяналтын улсын байцаагч, лаборатори тэр чигээрээ шилжин очиж
байгаа.
Нэг гол асуудал
бол шинээр барьж байгаа барилга байгууламжид зураг төсөв батлуулах, эрүүл
ахуйн дүгнэлт гаргуулах асуудал байдаг. Үүнийг цаашид ЭМГ дээр байрлаж байгаа
эрүүл ахуйн байцаагчид хандаж, хүсэлтээ явуулаад тухайн байцаагч дүгнэлтээ
гаргасны үндсэн дээр тухайн зураг төсөв батлагдаад явна гэж ойлгоорой.