БАЯНХОНГОР: 67 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-27 12:35:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 240 өрхийн 67158 толгой мал өвөлжиж, хаваржихаар отор хийж байна. Тодруулбал, Баянхонгор аймгаас бусад 17 аймгийн нутагт 108 өрхийн 31464 мал, өөрийн аймгийн 15 сумын нутагт 109 өрхийн 23979 мал, аймаг дундын отрын бүс нутагт 23 өрхийн 11715 толгой мал оторлож байгаа юм.

Харин Говь-Алтай, Өмнөговь, Завхан, Архангай аймгаас 120 өрхийн 49566 толгой мал тус аймагт отор хийж байгаа юм. Тус газар нь Аймаг дундын отрын бүсийн бэлчээр ашиглалтын захиргаатай гэрээ байгуулж, хонин толгойд шилжүүлснээр 8.5 мянган толгой мал өвөлжүүлэхээр болсон. Одоогийн байдлаар Аргалантын отрын бүс нутагт 2 сумын 23 өрхийн 11.7 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Ташрамд дуулгахад, Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг Баянхонгор аймгийн Баянхонгор, Гурванбулаг, Богд, Баянцагаан, Шинэжинст, Баянговь, Баян-Овоо, Өлзийт сум Хуульзүйн яамаар батлуулжээ. Харин Бууцагаан, Хүрээмарал, Баян-Өндөр сумаас бусад есөн сум баг, сумын хурлаар хэлэлцүүлэн батлуулж Хуульзүйн яамаар батлуулахаар хүргүүлээд байна. Ингэснээр бэлчээрийг хамгаалах, зөв зохистой ашиглах, отор нүүдэлд хяналт тавих боломж эхнээсээ бүрдэж байгаа аж.

Related news