ДОРНОГОВЬ: Онцлох үйл явдлууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-01-03 12:44:44

Дорноговь /МОНЦАМЭ/. Улиран одож байгаа 2022 онд Дорноговь аймгийн нийгэм эдийн засаг, орон нутгийн хөгжил дэвшилд ямар онцлох үйл явдал өрнөснийг тоймлон хүргэж байна. Тус аймагт Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөрүүд болох шинэ төмөр зам, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт,  баяжуулах үйлдвэрүүд хийгээд соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн өргөн хүрээний салбарт тодорхой ажил өрнөжээ.


 Бүтээн байгуулалт гурав дахин нэмэгдэв


Дорноговь аймагт 2022 онд улс болон орон нутгийн төсвийн 97.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад гурав дахин өсжээ. Дээрх төсөл бүтээн байгуулалтын үнэлгээгээр Дорноговь аймаг улсын хэмжээнд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Зөвхөн улсын төсвийн 35.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 төсөл арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Тухайлбал 1920 хүүхдийн сургууль, 700 хүний суудалтай “Саран хөхөө” театр, Замын-Үүд суманд 500 хүний суудалтай Соёлын ордон, Замын-Үүд, Даланжаргалан суманд өрхийн болон сумын Эрүүл мэндийн төв, говийн бүсийн төрөлжсөн асрамжийн газар, ахмадын сувилал зэрэг томоохон барилга байгууламжууд барьж байна. Бүтээн байгуулалтын зарим нь 2023 онд ашиглалтад орох юм.

 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад оров

 

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй хоёр дахь том төсөл Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн  түншлэлээр 2022 оны гуравдугаар сарын 19-нд эхэлж 2022 оны 11 дүгээр сарын 25-нд ашиглалтад хүлээн авсан юм.

Тус төмөр зам нь гол замын ачааллыг хоёр дахин бууруулж  Монгол Улсын транзит, экспорт, импортын бүх ачаа тээврийг нэмэгдүүлэх бололцоог нээж буйгаараа ач холбогдолтой. Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс,  коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Өмнөговь дахь Гашуунсухайт боомт дангаараа бүрдүүлдэг бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувийг зөвхөн Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлдэг нь ихээхэн хүндрэл дагуулдаг. Ханги боомт нь Гашуусухайт, Замын-Үүд боомтын дунд байрладаг нь стратегийн хувьд ач холбогдолтой.

Зүүнбаян-Ханги төмөр зам нь Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах, Хөвсгөл зэрэг сумын нутгаар дамжин Ханги хилийн боомт хүрэх бөгөөд тухайн сумдын хөгжил дэвшлийг хурдасгаж, хүн амын суурьшил, бүтээн байгуулалтад ч эерэгээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт болж байна. Ханги боомтыг төмөр замаар холбож шинэ гарц нээснээр манай улсын импорт, экпортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонн, цаашид 30-35 сая тонн болж өснө. Мөн Оюутолгойн зэсийн баяжмал, Таванолгойн нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг шинэ гарцаар зах зээлийн чөлөөт өрсөлдөөн дунд тулгуурлан тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүсийн ашигт малтмалын ордуудын үнэлгээ өсөж эдийн засгийн эргэлтэд орно гэдгийг албаныхан тодотгосон юм.

 

Сайншанд сум цэвэрлэх байгууламжтай болов

 

Сайншанд хотын цэвэрлэх байгууламж 1993 оноос хойш технологийн дагуу ажиллах боломжгүй болсон байдаг. Өнөөдрийг хүртэл бараг 30 жил бохир усыг шингээх даланд татан төвлөрүүлж байгальд хаясаар ирсэн. Азийн хөгжлийн банкны 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг “Комфорт импэкс” ХХК гүйцэтгэж, долоодугаар сарын 27-нд  ашиглалтад орууллаа.

Хоногт 3000м3 хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламжийн барилгын ажил таваас зургаан жил үргэлжилж, 2022 оны долоодугаар сард ашиглалтад орсон нь хотын иргэдийн цэвэр орчинд  ажиллаж амьдрах боломжийг нэг шат ахиулсан үйл явдал болсон юм. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногт 1000м3 саарал ус боловсруулж, ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ.

Мөн Сайншанд сумын дөрөвдүгээр багийн төвлөрсөн бохир усыг шинээр барих цэвэрлэх байгууламжид 4,4 км шугамаар холбосноор Сайншанд сум нэгдсэн нэг цэвэрлэх байгууламжтай болно. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, ашиглалт хамгаалалтыг аймгийн ард иргэд, аж ахуй нэгжийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ОНӨХХК хариуцан ажиллаж байна.

 

Халдвартын эмнэлэгтэй боллоо


Сайншанд хотод Халдвартын эмнэлгийн барилга ашиглалтад орлоо. Эмнэлгийн барилгын ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Төгс-Өнөд” ХХК гүйцэтгэсэн юм. Халдвартын эмнэлэгтэй болсноор үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилга, өрөө тасалгаатай болсноос гадна эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах боломж нөхцөл бүрдсэн байна. Тус аймгийн хүн ам эдүгээ 73 мянга болж өссөн бөгөөд хүн амын суурьшил, үйлдвэржилтийг дагаад халдварт өвчин нэмэгдэх энэ чиглэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ ч өсөж байгаа аж.

 

Мал эмнэлгийн  иж бүрэн лабораторийг хүлээн авав

 

Дорноговь аймгийн Сайншанд хотод Азийн хөгжлийн банкны 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий мал эмнэлгийн лабораторийг анх удаа 2022 оны долоодугаар сард ашиглалтад орууллаа.

Мал амьтны халдварт өвчин, түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, хор судлал, эмийн үлдэгдэл зэрэг оношилгоо шинжилгээг орон нутагтаа шуурхай гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм.

Мал эмнэлгийн лабораторийн барилгыг “Өгөөмөрөн-Шанд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд “Мед Импекс Интернэшнл” ХХК болон “Сүвэн-Уул” ХХК 89 нэр төрлийн 220 ширхэг тоног төхөөрөмжийг угсарсан. Мал эмнэлгийн лаборатори ашиглалтад орсноор аймгийн Мал эмнэлэг химийн лаборатори (малын эмийн үлдэгдэл, пестицид), гистологи эмгэг судлал, хор, халдварт өвчин судлал, хөгц мөөгөнцөр судлалын  дөрвөн шинжилгээний тасагтай болж өргөжин, 200 дээжид нэгэн зэрэг шинжилгээг хийх боломжийг бүрдүүлж байгаа  юм.

  

Хүүхэд хөгжил-2022 зорилтот жил

 

Аймгийн ЗДТГ-аас 2021 оныг “Хүүхэд хөгжил-2022” зорилтот жил болгон зарлаж хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд аж төрж, сурч боловсрох таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор долоон зорилт бүхий 85 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлжээ.

Зорилтот жилийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулж, аймгийн Хүүхдийн нэгдсэн 10 дугаар чуулган, Монголын Скаутын холбооны цугларалт, “Нандин” Үндэсний чуулган зэрэг 17 үйл ажиллагааг зохион байгуулж, 8450 хүүхдийг хамруулсан байна. Аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн эхний долоо хоногийн лхагва гаргийг “Хүүхдээ сонсох” өдөр болгон зарлаж, орон нутгийн төрийн байгулулагууд хүүхдийн дуу хоолой, санал хүсэлтийг сонсож 15 мянган хүүхдээс ирүүлсэн 55 чиглэлийн саналыг шийдвэрлэжээ.

Хүүхдийн сурч боловсрох таатай нөхцөлийг буй болгох зорилгоор боловсролын салбарт нийт 24.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн нь өмнөх оныхоос 75.5 хувиар нэмэгдсэн байна. Шинээр дөрвөн сургуулийн барилга барьснаар сургуулийн хүртээмж нэмэгдэж хүүхдүүд сурах таатай нөхцөл бүрджээ.

 

“Жаргалан” зуслан үүдээ нээлээ

 

Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар баг буюу Хамарын хийдийн чиглэлд явдаг замын дагуу барьсан хүүхдийн “Жаргалан” зуслан үүдээ нээж үйлчлүүлэгч хүүхдүүдээ хүлээн авсан нь өнгөрсөн оны онцлох үйл явдал байлаа. Тус аймаг хуучин нийгмийн үед “Жаргалан” хэмээх зуслантай байсан нь нийгмийн ороо бусгаа үед үгүй болж говийн хүүхдүүд амрах зуслангүй  олон жил болсон байдаг.  

Зуслангийн барилгыг “Энержи парагон” ХХК улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгсөн бөгөөд хүүхдийн зуслангийн гаднах тохижилт зам талбай, инженерийн шугам сүлжээний ажлыг “Дэлгэр баясах зам” ХХК гүйцэтгэжээ. Хүүхдийн зуслан модон байшин, задгай соёлын театр, багш ажилчдын байр зэргээс бүрдсэн байна. Хүүхдийн зуслантай болсноор говь нутгийн хүүхдүүд төдийгүй өөр аймаг сумаас хүүхдүүд ирж амрах боломжтой болсон юм.

 

“Язгуур алтан өв” соёлын биет бус өвийн анхдугаар наадам


Дорноговь аймгийн ЗДТГ, Музей сургалт, судалгааны төв хамтран “Язгуур алтан өв” соёлын биет бус өвийн анхдугаар үзлэг, наадмыг 2022 оны тавдугаар сарын 17-18-нд амжилттай зохион байгуулсан. Соёлын биет бус өвийн үзлэг, наадамд 14 сумын 372 өвлөн уламжлагч оролцож, нийт дүнгээр тэргүүн байрт Дэлгэрэх сум, дэд байрт Замын-Үүд сум, гутгаар байрт Эрдэнэ сум, тусгай байрт Сайншанд сум тус тус шалгарсан.

“Язгуур алтан өв” соёлын биет бус өвийн анхдугаар үзлэг наадмыг Соёлын Үндэсний төвийн, дэлхийн өвийн мэргэжилтэн А.Саруул, Дүрслэх урлагийн академийн багш, доктор профессор С.Бадрал, СУИС-ийн Үндэсний язгуур урлагийн тэнхимийн багш С.Загд-Очир, Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн захирал, яруу найрагч Л.Эрдэнэбат нар шүүн тунгаасан билээ. Тэмцээнийг нийт долоон ай савд багтааж орон нутгийн онцлогт тохирсон байдлаар нь шүүн тунгаасан төдийгүй ямар өв нь Дорноговь аймгийн ард иргэд, малчин түмний дундаас гарсан өв байгааг ялгаж салгаж тунгаасан хэмээн шүүгчид ярьсан юм. Тухайлбал, уртын дуу нь айзам дуу, бэсрэг дуу, суман дуу зэрэг дууны хэлбэртэй төдийгүй дууны цар багтаамж, дуучны дуулах арга барил ур дүйг илүү харгалзан тодруулжээ.

Энэ наадмын шилдэг сумаар шалгарсан Дэлгэрэх сумын хувьд соёлын биет бус өвийн талаарх нутаг орныхоо онцлогийг илүү гаргаж чадсан. Тухайлбал, Дэлгэрэх сум Монголын хурдан адууны хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн угшлын нэг Галсан, Баньд адууны угшилтай хурдан морьдын өлгий нутаг бөгөөд Монголын алдарт морин хуурч Чойн Банзрагчийн төрсөн нутаг. Говийнхон бөх, морь цоллож, нум эвшээх зан үйлийг үзүүлж, айл гэрийн ерөөл айлдах, магтаал, уртын дуу, хурдан морины марзай дуудах зэрэг нутаг орныхоо үүх түүх онцлог бүхий язгуур урлаг, биет бус өвийг нэгэн цогц байдлаар товойлгосон байдаг.


Нүүдэлчин-2022” наадамд гутгаар байрт шалгарав


Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, үүнийг өвлөн уламжлагчдыг тодруулж алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, ардын язгуур урлагийг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёлын яамнаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 2022 оны 8 дугаар сарын 12-14-нд зохион байгуулсан Нүүдэлчин-2022” наадамд Дорноговь аймгийн өвлөн уламжлагчид долоон ай саваар өрсөлдөж амжилттай оролцон гуравдугаар байрт шалгарав.

Шилдэг ахмад өвлөн уламжлагчаар МУГЖ Н.Лантуу, уламжлалт баяр ёслол зан үйл, тоглоом наадгай, уриа дуудлага ай савын шилдэг өвлөн уламжлагчаар С.Сэрээтэр, шилдэг гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр Дорноговь аймаг тус тус шалгарсан юм. Тус наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн  1227 өв тээгч, уламжлагч оролцсон бөгөөд 16000 гаруй дотоод, гадаадын жуулчин үзэж сонирхсон байдаг.


Волейболын дээд лигийн тоглолт


Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин  нарын санаачилгаар Монголын Волейболын холбооны 19 дэх удаагийн дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолт анх удаа Дорноговьд болсон. Тус аялан тоглолтод 16 багийн 340 гаруй тамирчин болон есөн орны 21 легионар тамирчид оролцсон бөгөөд тэмцээнийг дөрвөн мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Говь нутгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийг биеийн тамир спортоор хичээллэх, тэр тусмаа волейболын спортоор хичээллэх хүсэл  эрмэлзэл сэдлийг төрүүлсэн томоохон тэмцээн болжээ.


DORNOGOBI OPEN-2022” жюү жицүгийн тэмцээн


Дорноговь аймгийн ЗДТГ, БТСГ, Монголын  жюү жицүгийн холбоо, Дорноговь аймгийн Жюү жицүгийн холбоо хамтран Дорноговь аймагт анх удаа тамирчид тэгш эрхтэйгээр оролцох боломжтой “DORNOGOBI OPEN-2022” жюү жицүгийн тэмцээнийг анх удаа зохион байгуулсан нь онцлох үйл явдлын нэг болов. Тэмцээнд 27 клуб дэвжээний 550 гаруй тамирчин авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд насны хязгаарлалтгүй болсноороо ихээхэн онцлог байлаа. Аймгийн ард иргэд, хүүхэд залууст жюү жицүгийн спортыг сурталчлан таниулж, өсвөр үеийнхний тус спортоор хичээллэх сонирхлыг төрүүлж чадсан тэмцээн боллоо.

 

Төрийн захиргааны алба хаагчдын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр батлав

 

Хөдөө орон нутагт боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг хангах үүднээс энэ онд аймгийн ИТХ-ын 2022 оны есдүгээр сарын хуралдаанаар орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтот хөтөлбөр батлаад байна. Төрийн албаны тасралтгүй байдлыг хангах, төрийн албаны  өөрчлөлт шинэчлэлд зохицон ажиллах чадвартай  мэргэжил чадвар бүхий хүний нөөцийг буй болгож төрийн үйлчилгээг иргэдэд үр дүнтэй өгөөжтэй хүртээмжтэй хүргэх зорилготой юм.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд төрийн захиргааны алба хаагчдыг сургах, хөгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаас гадна алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор суманд тасралтгүй таван жил ажилласан төрийн захиргааны алба хаагчдад орон нутагт ажилласан нэмэгдэл буюу зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн урамшууллыг таван жил тутамд олгох, тав болон үүнээс дээш жилээр тогтмол суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргааны алба хаагчдад орон сууц барих, худалдан авахад нь зориулж 10 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.

Дорноговь аймгийн хэмжээнд төрийн захиргааны ажлын байранд 126 орон тоо сул байна. Ялангуяа сумдын ЗДТГ-т хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль орчны мэргэжилтэн, Өрхийн эмнэлгийн эмч сувилагч, газрын харилцааны мэргэжилтний орон тоо сул байгаа юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр аймгийн хүний нөөцийн удирдлагын зохицуулалтын механизм хэрэгжиж төрийн албаны  үйл ажиллагаа мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж төрийн алба тогтвортой байх боломж бүрдэнэ гэж албаныхан үзжээ. 

Related news