“Samsung”-ийн орлого ихээхэн буурах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-01-06 11:28:51

СӨҮЛ. /CNBC/. Дэлхийн зах зээлд санах ойн чипийн эрэлт буурснаас шалтгаалан үнэ нь унах болсонтой холбоотойгоор БНСУ-ын “Samsung” компанийн энэ долоо хоногт танилцуулах 2022 оны дөрөвдүгээр улирлын орлого огцом буурч магадгүй байна.


Samsung”-ийн өнгөрсөн улирлын үйл ажиллагааны орлого 7.18 их наяд вонд хүрэх төлөвтэй байна гэж “Refinitiv” компани шинжээчдийн төсөөллийг эш татан тооцоолжээ. Энэ нь 2021 оны дөрөвдүгээр улирлынхаас ойролцоогоор 50 хувиар буурсан үзүүлэлт юм.


Харин зарим шинжээчийн хувьд дээр дурдсанаас тааруу тооцооллыг гаргажээ. Тухайлбал, “Macquarie Research” байгууллагын шинжээчид “Samsung”-ийг тухайн улиралд 5.5 их наяд воны орлого олсон хэмээн таамаглаж байгаа нь 2016 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн сул үзүүлэлт болно.


Daiwa Capital Markets” компанийн шинжээчдийн хувьд, үйл ажиллагааны орлогыг нь 4.9 их наяд вонд хүрнэ гэж тооцоолж байгаа нь өмнөх оныхоос 65 хувиар буураад зогсохгүй 2015 оны дөрөвдүгээр улирлаас хойших улирлын хамгийн тааруу үзүүлэлт болох төлөвтэй байна.


Санах ойн чипийн үнэ сүүлийн үед хурдацтай унах болоод байгаа юм. Харин “Samsung” нь зөөврийн компьютер, ухаалаг гар утас гэх мэт төхөөрөмжүүдэд түлхүү ашигладаг “NAND”, DRAM” чипийн "дэлхийн хамгийн том тоглогч" билээ.


Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд “NAND”, DRAM” чип бүхий зөөврийн компьютер зэрэг бүтээгдэхүүнүүдийн эрэлт тун тааруухан байсан нь ийм чипийн үнийг огцом унахад хүргэжээ. Энэ нь цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчид болон бусад компаниудыг ийм төрлийн чипээ нөөцлөхөд хүргэж, улмаар “Samsung”-ийн чипийн эрэлт улам буурахад нөлөөлсөн байна. 

Related news