ЗАВХАН: 420 малчин өрхийн хүүхдүүдэд тусламж хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. “Хамтдаа давъя” аяны хүрээнд тус аймгийн долоон сумын 420 малчин өрхөд буцалтгүй тусламж өгөхөд бэлэн болжээ.
Завхан аймаг “Хүүхэд бүр нь аз жаргалтай, хүчирхийлэлгүй оюунлаг Завханчууд" зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Тиймээс "Дэлхийн Зөн Монгол" Олон улсын байгууллагаас эхлүүлсэн “Хамтдаа давъя” аяныг дэмжиж энэ аянд идэвхтэй оролцохыг иргэдэдээ уриалсан.
Өнгөрсөн 12 дугаар сараас эхэлсэн энэ аяны дэмжлэгийг аймгийн өвөлжилт хүндэрсэн Баянтэс, Тэс, Сонгино, Отгон, Алдархаан, Яруу, Их-Уул зэрэг 7 сумын 420 малчин өрх хүлээн авахаар болсон байна. Дээрх малчин өрх бүрт 300 000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг өгөхөд бэлэн болсон байна. "Дэлхийн зөн" ОУБ-тай хамтран зудын эрсдэлд өртөж болзошгүй малчин өрхүүдийн судалгааг хийж, бэлэн мөнгө болон дархлаа дэмжих багц бүтээгдэхүүний тусламж дэмжлэгийг олгохоор ажиллаж байна.
Өвөлжилт хүндэрч буй аймгуудын малчин өрхийн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор "Хамтдаа давъя" аяныг өнгөрсөн оны 12 дугаар сараас улс даяар эхлүүлсэн. Хүнд хэцүү цаг үед хариу нэхэлгүй туслах шиг сайхан зүйл үгүй. Баруун зургаан аймагт нийт 59,000 малчин өрх байгаагаас амьжиргааны түвшин доогуур, тусламж нэн шаардлагатай 3000 өрхийн хүүхдүүдэд аяны хүрээнд тусламжийн багцыг илгээхээр зорьж байгаа аж.
Иргэд энэ аянд хэдэн төгрөгөөр ч нэгдэх боломжтой. Мөн байгууллага, хамт олноороо нэгдэн аянд оролцохыг уриаллаа. ”Хамтдаа давъя” аяныг улсын хэмжээнд эхлүүлж байгууллага, хувь хүмүүс идэвхтэй нэгдэж, өнөөдрийн байдлаар 64 750 000 төгрөгийн хандив босгосон байна.
Тиймээс эрсдэлд буй хүүхэд, гэр бүлд энэ өвлийг
өнтэй давахад бид хамтдаа тусалж чадна. Хэрвээ та хандив өргөх гэж байгаа бол
хандивын гүйлгээний утганд аймгийнхаа нэрийг бичих бөгөөд цугларсан хандив нь
олон улсын байгууллагын зохион байгууллалтайгаар эргэж аймагтаа зарцуулагдах юм
гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд, Дэлхийн зөн олон улсын байгууллага нь аливаа гамшгийн үед
хэрэгцээтэй хариу арга хэмжээг яаралтай авч хүүхдийн сайн сайхан байдлыг хангах
нь нэн шаардлагатай гэж үздэг аж. Тэд хүүхэд хамгаалал, өрхийн амьжиргаа,
цэвэр ус, гамшгийн хариу арга хэмжээ зэрэг чиглэлд хүмүүнлэгийн, хөгжлийн үйл
ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага юм. 1993 онд зудын гамшигт
нэрвэгдсэн ард түмэнд туслалцаа үзүүлж Монгол дахь үйл ажиллагаагаа эхлүүлсэн
байна. Өнөөдрийн байдлаар тус байгууллага нь хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд
өсөж хөгжих боломжийг сайжруулахын төлөө Улаанбаатар хот болон 13 аймагт
ажиллаж байна.