ДЭМБ агаарын тээврийн зорчигчдод амны хаалт зүүхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-01-13 13:39:11

ЖЕНЕВ. /Euronews/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ холын зайн нислэгийн үеэр амны хаалт зүүхийг агаарын тээврийн зорчигчдод уриалжээ.


АНУ-д “омикрон” хувилбарын дэд хувилбар хурдацтай тархах болоод байгаа үед энэхүү зөвлөмжийг гаргасан байна. Европ тивийн хэмжээнд “XBB.1.5” дэд хувилбарын харьцангуй цөөн тохиолдол бүртгэгдсэн ч тоо нь нэмэгдэж байгааг ДЭМБ болон Европын холбогдох албан төлөөлөгчид хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэжээ.


“Холын зайн нислэгээр зорчих гэх мэт өндөр эрсдэлтэй үед амны хаалт зүүхийг зорчигчдод зөвлөж байна. Ялангуяа, халдварын тархалт өндөр байгаа нутаг дэвсгэрээс ирж буй хүмүүст ийнхүү зөвлөх хэрэгтэй” гэж ДЭМБ-ын Европын асуудал эрхэлсэн төлөөлөгч Кэтрин Смоллвуд мэдээлсэн байна.


“Омикрон”-ы халдварлах чадвар хамгийн өндөр хувилбарт одоогоор тооцогдож байгаа “XBB.1.5” нь АНУ-д нэгдүгээр сарын эхний долоо хоногт илэрсэн нийт тохиолдлын 27.6 хувийг эзэлжээ. “XBB.1.5” дэлхийн хэмжээнд давлагаа үүсгэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд “COVID-19”-ийн вакцинууд хүндээр өвчлөх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас сэргийлсэн хэвээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. 

Related news