БАЯН-ӨЛГИЙ: Алтайн урианхайн "Мөсөн сурын харваа-2023" соёлын үйл ажиллагаа болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагаа болох
Алтайн урианхайн "Мөсөн сурын харваа-2023" тэмцээн энэ сарын 14-ний өдөр Толбо
нуурын мөсөн дээр боллоо.
Уг үйл ажиллагааг
Баян-Өлгий аймгийн сурын холбоо, "Эксплоур грийт Алтай" компани хамтран зохион
байгуулжээ.
Мөсөн сурын
харвааны тэмцээнд Баян-Өлгий, Ховд аймгуудаас 120 харваач оролцож, цэс мэргэнээ
сорин өрсөлдөв.
Тэмцээний нийлбэр
дүнгээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын харваач Д.Сонинболд 19 оноогоор тэргүүллээ.
Харин Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Жаргалант сумын
харьяат, "Шинэч мэргэн" багийн харваач, спортын мастер Д.Баярсайхан 19 оноогоор,
Баян-Өлгий аймгийн Булган сумын харваач Ч.Отгондалай 19 оноогоор удаах
байруудад тус тус шалгарлаа.
Ахмадын харваанд
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ахмад харваач Ц.Дашням, М.Чойсүрэн, Х.Баяраа, Цэнгэл
сумын ахмад харваач Б.Батжаргал нар эхний байруудад оров.
Алтайн урианхайн "Мөсөн сурын харваа" тэмцээнийг жил бүрийн 1 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн хагас сайн өдөр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үйл ажиллагаа нь Баян-Өлгий аймгийн бүх сум, Улаанбаатар хот, Ховд аймгаас харваачид, сонирхогчид олноор ирж оролцсоноороо онцлогтой болсон гэдгийг зохион байгуулагчид хэлэв. Энэ удаагийн тэмцээнийг орон нутгийн болон нийслэл Улаанбаатар хот, хөрш зэргэлдээ аймгуудаас 500 орчим хүн ирж сонирхсон аж.
Урианхай сурын
харваа нь эрийн гурван наадмын өвөрмөц дэг жаягтай, өнө эртний уламжлалт харваа
юм. Орчин үед үндэсний спортын нэгэн төрөл болж хөгжиж байна. Урианхай сурын
харваа нь наадмаар харвах “Зуны сур харваа”, өвөл гол, нуурын мөсөн дээр харвах
“Мөсний сур харваа” гэсэн хоёр төрөлтэй байдаг. Мөн цуваа, багийн харваа гэж хоёр
төрлөөр харвадаг.
Урианхай харваагаар Баян-Өлгийн харваачид улсад байнга тэргүүлж ирсэн уламжлалтай. Сүүлийн жилүүдэд урианхайн мөсөн сур харвааг өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааны нэгэн төрөл болгож хөгжүүлж байна.