ДОРНОГОВЬ: Х.Болдбаатар: Хил, хуур хоёроос салахгүй явах тавилантай юм шиг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-01-23 15:15:44

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Соёл, спортын төвийн хөгжмийн багш Хуурч овгийн Халтарын Болдбаатартай хөөрөлдлөө.

Тэрээр үндэсний язгуур урлаг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн авьяас билиг, хөдөлмөр зүтгэлээ зориулан урлаг, соёлын олон наадмыг найруулан дэглэж, олны хүртээл болгож байснаас гадна олон уралдаан тэмцээнд оролцож тэргүүн байрт удаа дараа шалгарч байсан авьяас билигт морин хуурч юм.

Шүлэг яруу найраг бичиж, “Хуур мялаасан аялгуу I,II,III”, “Мартагдашгүй...”, “Хуурын эгшигтэй 40 жил” гэсэн бие даасан  таван удаагийн тоглолтоо хийж олны хүртээл болгожээ.

Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж түүний тухай “Халтарын Болдбаатар өөрөө биелсэн хүрэн халзан морин хуур”  билээ хэмээн хэлснийг онцлоход түүнийг ямар морин хуурч вэ гэдгийг батлах хэмжүүр болох буй заа.

Аливаад чин сэтгэлээсээ хандахыг зорьдог энэ хүн худал хуурмаг буй байдалтай үл эвлэрч, өөрийн жимийг буй болгож чаддаг нэгэн билээ.Тэрээр хуур уянгалж, морьд дэргэсэн Дэлгэрэхийн талдаа эгэл даруу ажиллаж соёл түгээсээр байна.

 

Морин хуурч болох анхны гараанаас яриагаа эхлэх үү?

-Хуурч болох эхлэл маань манай дээд удамтай салшгүй холбоотой. Манай удмынхан хуур хөглөчихдөг “Доголон жонон”-той хүмүүс байсан. Одоо ч зарим нь сэрүүн тунгалаг хэвээрээ. Би 1992 онд ургийн овог авахдаа “Хуурч” гэдэг овог зохиосон юм. Манай удмынхан бүгд “Хуурч” ургийн овогтой.1979 онд сургуулийнхаа гурван хүүтэй нийлээд хуур сонирхож эхэлсэн.

Манай дээд ангийн Ж.Чадраабал, нэг ангийн С.Дашдондог, биднээс хоёр доод ангийн Б.Ганбаатар гэдэг хүүхдүүд байлаа.Тэд дээд талдаа хуурч удамтай. Тэр үед одоогийнх шиг мастер морин хуур, мэргэжлийн багш байсангүй. Нот ч мэдэхгүй.

Өөрсдөө л сонирхолдоо хөтлөгдөн хуур хөрөөдөж сурцгаасан. Ядаж л манай нутагт модны давирхай олдохгүй. Байгууллагын түлээний модноос эрж эрж жаахан давирхай олно доо. Ингэж л морин хуурт жаахан дөртэй болцгоосон.1981 онд 8 дугаар анги төгссөн 16-тай хүү аймгийн театрт орж байлаа. Ч.Банзрагч багшаараа хуураа заалгаж, Д.Нацагдорж багшаараа хөгжмийн цагаан толгой заалгаснаас хойш 42 жил улиран одож дээ.


-Хуурын багш гэснээс Дэлгэрэх сумын харьяат нэрт морин хуурч Чойн Банзрагч танай ойрын төрөл садан шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Чойн Банзрагч бол миний нагац ах юм. Би Ч.Банзрагчийн төрсөн эгчийн охиноос төрж бас нэг төрсөн эгчид нь өргөгдсөн. Ч.Банзрагч Дэлгэрэх сумын нутаг Хэрээгийн эргэнэ бууц гэдэг газар төрсөн. Дөрвөн настай байхад нь ээж нь Жамбал гэх нутгийн хуурчийг залж хуураа хөглүүлсэнд харж суусан Банзрагч хүү тэр дор нь сураад гэрийнхээ хуурыг хөрөөдөж суудаг болсон гэлцдэг.

Багын ой сайтай хүүхэд байсан юм билээ. Монгол бичиг, кирилл бичгийн аль алинаар нь алдаагүй цэвэрхэн бичнэ. Бас нот гоё бичнэ. Гарын ур сайтай. Модоор сийлбэр хийж авдар сав хээлнэ. Нэг зуны амралтаараа манайд ирж хэдхэн хонохдоо надад ширэн цартай, ногоон толгойтой, хүүхэд барихад тохиромжтой хуур хийж өгснийг нь би буруу зөрүү хөрөөдөж жаахан дөртэй болсон.

Сумандаа бага сургууль төгсөж, цэргийн алба хааж, аймгийн Соёлын ордонд хөгжимчин, хөгжмийн багш, даргыг нь хүртэл хийж явсан байдаг. Сайншанд хотын нэгдүгээр арван жилийн сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байлаа. Дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлийн программ хөтөлбөрийг энэ хүн 1970-аад онд боловсруулсан байдаг.1980 онд Хөгжимт Драмын театр байгуулагдахад театрын Хөгжмийн удирдаачаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр хөгжимчин болоод 59 насандаа тэнгэрийн орноо одсон доо. Улаанбаатар хотод хөгжмийн багш нарыг бэлтгэх курст суралцсанаас өөр боловсрол эзэмшээгүй. Байгалиас заяасан өгөгдөл, өөрийн унаган авьяас, хичээл зүтгэлээрээ л ёстой бор зүрхээрээ гэдэг шиг л зүтгэж ирсэн.

Шаардлага өндөртэй, зарчимч, шударга хүн байлаа. Түүний анхны шавь нар болох Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Оросын Холбооны Улсын Буриад Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбадоогийн Нацагдорж, Монгол Улсын гавьяат жүжигчин Нанзадын Лантуу нар сэрүүн тунгалаг байна. Нэгэн үе Дорноговийнхонд “Банзай багш” гэж хүндлэгдсэн нэгэн байлаа.Уртын дуу, магтаал, нийтийн дуу, дан хөгжмийн зохиол, бүжгийн хөгжим, жүжгийн хөгжим гээд хөгжмийн олон төрлөөр бүтээл туурвисан.

Хамгийн сүүлд “Мандухай сэцэн хатан” киноны ерөөлч өвгөний дүрд тоглосон юм. Энэ кинонд МУСГЗ Ж.Бадраагийн “Энх төрийн магтаал”-д ая хийж тэр дүрдээ өөрөө тоглосон. Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн бол олон том бүтээл хийх байсан байхдаа гэх харамсал төрдөг л юм.Ч.Банзрагч багш маань Дорноговийн бараг бүх сумын соёл урлагийн гурван хоногийн концерт, жүжиг, зарим байгууллагуудын ойн концертуудыг найруулан аймгийн тайзнаа тоглуулсан байдаг. Гарын уртай, унаган авьяастай нэгэн цагийн урлаг соёлын зүтгэлтэн хүн байсан л гэж боддог. Шударга үнэнч зан нь тухайн нийгмийн зарим дарга нарт таалагдаагүй болохоор ямар нэгэн алдар цолонд хүрээгүй өнгөрсөн дөө.


-Нэрт морин хуурч Чойн Банзрагчийн “Алтан говийн унага”, “Зандан хүрний эзэд”, “Бүргэд хоншоортой бор” хэмээх гурван уртын дуу эдүгээ олны дунд дуулагдсаар байна?

-Ч.Банзрагч шиг гурван уртын дуу зохиосон хүн одоогоор Монголд байхгүй. МЗЭ-ийн шагналт Самдангийн Долдын шүлгээр “Алтан говийн унага” уртын дууг 1962 онд туурвиж Дундговь аймгийн харьяат Т.Цэнджав гэдэг дуучнаар дуулуулсан нь Монгол даяар ардын дуу мэт түгж эдүгээ 61 дэх жилдээ эгшиглэж байна. Дэлгэрэх нутгийн ардын үг “Бүргэд хоншоортой бор” уртын дууг мөн 1960-аад онд зохиосон гэдэг. Энэ дууг сумандаа анхлан дуулсан Д.Чимидцэрэн гэдэг хүн одоо ч сумандаа дуулсаар л байна.

1980-аад онд театрын эгч дүү уртын дууч Ч.Цэрэндэжид, Ч.Отгонмаа нар дуулсан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар алдарт тэмээчин Н.Хүрээт гуайн шүлгээр “Зандан хүрний эзэд” уртын дууг 1980-аад онд зохиосон юм. Энэ дуу Монголын Радиогийн сан хөмрөгт байдаг эсэхийг би мэдэхгүй. Байхгүй бол мартагдах тийшээ хандлаа.


-Та “Алтан говийн унага”  уртын дууны уралдааныг санаачлан зохион байгуулж байсан?

-Би Ч.Банзрагчийн удмын хүний хувьд ч шавийн хувьд ч энэ хүний талаар дуугарах үүрэгтэй болоод эрхтэй хүн гэж боддог. Тиймээс 2010 онд “Алтан говийн унага” дурсамжийн номыг эмхэтгэн гурван сарын цалингаараа хэвлүүлж “Саран хөхөө” театрын 30 жилийн ойд бэлэглэж байлаа. 2018 онд Ч.Банзрагчийн нэрэмжит морин хуурчдын анхдугаар уралдааныг санаачлан Дорноговь аймгийн хэмжээнд үр хүүхэд, ах дүүс, шавь нарынх нь дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан. 2022 онд “Алтан говийн унага” дуу зохиосны 60 жилийн ойд зориулж “АЛТАН ГОВИЙН УНАГА-60” уртын дуу дуулаачдын анхдугаар наадмыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Энэхүү наадмыг амжилттай болоход Дэлгэрэх сумын ЗДТГ, Соёл спортын төв, С.Долдын үр хүүхдүүд, Ч.Банзрагчийн үр хүүхдүүд, ах дүүс, шавь нар нь сэтгэл зүтгэл гаргасныг хэлэх хэрэгтэй. Хамгийн сүүлд Дорноговь аймгийн ИТХ-ын тогтоолоор Дэлгэрэх сумын Соёлын төвийг нэрт морин хуурч, хөгжмийн зохиолч Чойн Банзрагчийн нэрэмжит болголоо. Ташрамд хэлэхэд, “Алтан говийн унага” уртын дууг боржгин дууны бүх элемент орсон зохиомжтой тул боржгин дуу гэж үзэх бүрэн үндэстэй гэж саяхан болсон “Боржгин” уртын дуу морин хуурчдын уралдааны үеэр ярилцаж зарим хүмүүс дуулцгааж байсан нь сайхан санагдлаа.

Энэ жил түүний мэндэлсний 90 насны ой тохионо. Энэ түүхэн ойг тохиолдуулан өсвөрийн морин хуурч, уртын дуучдын уралдааныг зохиох бодол байна. Уралдаан наадам зохиох амар ажил биш л дээ. Ивээн тэтгэгч, санхүүгийн тал дээр хүндрэлтэй байдаг. Уг нь уралдаан наадам зохион байгуулж байвал хойч үе маань өв соёлоо мэдэж, суралцаж, ур чадвар нь өсөж хөгжихөд хэрэгтэй л юм.


-Таны ажил амьдралын цадиг түүх аймгийнхаа “Саран хөхөө” театраас эхэлж хилийн цэрэгт үргэлжилсэн байна. Хил хуур хоёр таны хувьд үнэтэй зүйл байх?

-Одоогоос дөч гаруй жилийн өмнө Дорноговь аймгийн Хөгжимт Драмын Театр /Одоогийн Саран хөхөө театр/ байгуулагдаад найман сар болж байсан өдөр урлагийн их өргөөний босгыг 16 настай хөдөөний бор хүү эмээнгүй гэрэвшингүй алхаж байлаа. Эрдэмт багш нар, эвсэг хамт олны дунд орж байсандаа одоо ч бахархаж явдаг. 1983-1986 онд цэргийн алба хаахдаа мөн л хуурнаасаа салаагүй ээ. Цэрэгт байхад Дарьгангын алдарт хуурч Саарал хэмээх хараагүй хуурчийг хөтлөөд Онгон сумын Соёлын өдрүүдэд оролцож байлаа. Гайхалтай хуурч байсан.

Цэрэг байсан болохоор тэр хүнээс юм сурах зав чөлөө олдоогүй. Цэргээс халагдаж ирээд театртаа ажилласан.1994 оны намар амьдралын шаардлагаар ажлаасаа гарч хүрээ хотыг зорьсон. Хоёр жил шахам зах зээлийн шуурганд туугдаад Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгад ажиллаж эхэлсэн.Тэр үед Цэргийн хоёр чуулга нэгдээд Бүх цэргийн чуулга нэртэй болсон. Хилийн цэргийн харьяанд “Хилчин” хэмээх жижигхэн хамтлаг хилээ тойрон хилчдэдээ үйлчилдэг байлаа. 2000 онд ХЦДБЧ дахин байгуулсан. Энэ чуулгад олон арван алдартан авьяастантай хамт ажиллаж байлаа. Чуулгадаа анхны бие даасан “Хуур мялаасан аялгуу” тоглолтоо хийсэн.

Ер нь би хил, хуур хоёроос салахгүй явах тавилантай юм шиг байна. Эх орныхоо хилийг тойрч эгэл бор хилчдэдээ дуу хуураа хүргэж явах ч бас л сайхан шүү. Хүний дээд нь хилд алба хаадаг байх гэмээр сайхан хүмүүс байдаг юм. 2004 оны намар мөн л амьдралын шаардлагаар чуулгаасаа гарч хувиараа хөдөлмөр эрхэлж байлаа. Харин бизнес хийх тал дээр надад авьяас байхгүй юм билээ. Ар хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэдэг шиг л юм болсон. 2007 онд Хилийн 0164 дүгээр ангийн Хөгжмийн тусгай тасгийн дарга, Удирдаач гэдэг албанд томилогдон Хилийн цэргийн ногоон хувцсаа эргээд өмссөн. Энэ ангид би зургаан жил ажиллаад 2013 онд цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул хувь тэнцсэн тэтгэвэр тогтоолгон нутгаа зорьсон юм.


-Нутагтаа ирээд Соёлын төвд ажиллаж эхэлсэн байх аа?

-Энэ нутагт өсөж торнин дунд сургууль төгссөн болохоор нутаг сэтгэл салдаггүй юм билээ. Дэлгэрэх сумандаа ирж морин хуурын дугуйлан хичээллүүлж эхлээд 2014 онд Соёлын төвийн эрхлэгчээр томилогдов. Ташрамд хэлэхэд манай сумынхан хуурын авшиг ерөөл шингэсэн нутаг шүү. Бусад нутгийн хүмүүст хуур зааж л байлаа.

Тэднээс арай л өөр. МУСТА Г.Цагаан-Өвгөн гэдэг хуурч ах хуурын дугуйлан хичээллүүлдэг байсан. Өвгөн багштай гар нийлж байсан. Энд би 28 шавьтай хичээллэж байлаа. 2015 оны намар бас л ажлаасаа гараад аймгийн төвд ажилгүй суув аа. Энэ миний уйдамхай ч юмуу тогтворгүй зангаас болж байгаа юм биш ээ. Би нэг юманд сэтгэл дундарчихвал ажиллаж амьдарч чаддаггүй муу зантай. Өөрөө хүсэлтээрээ ажлаа өгөөд л явчихдаг сонин зантай хүн.

Орчин тойрон, ая тух, цалин цагаанд хоргодох энэ тэр гэсэн ойлголт байхгүй. Аймгийн төвд хэсэгтээ л ажилгүй суугаад байсан чинь бишдэх шинжтэй. Төрийн албаны шалгалт өгч тэнцээд Сайхандулаан сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдон нэг жил ажиллалаа.

Бас л сэтгэл дундраад болдоггүй буцаад л Сайншанддаа ирлээ. 2019 онд Музей Сургалт Судалгааны Төвд манаач болов. Музейгээ манаад л морин хуурын дугуйлангаа явуулж байтал их хүнд өвчин туссан. Ажлаасаа гарахаас өөр аргагүй болоод өссөн нутаг Дэлгэрэх сумандаа ирж ээжийнхээ хаяаг бараадав. Бас зүгээр сууж чаддаггүй ээ таягтай нөхөр хуурын дугуйлан явуулж эхэлсэн. Чадах мэдэх юм үлдсэн бол нутгийн нэг ч болтугай хүүхдэд хуур зааж сургая л гэж бодно.

Удалгүй Хэнтий аймгийн Норовлин суманд очиж Соёлын төвд нь гурван сар ажилласан. Нутгаа, гэрээ, ээжийгээ, бүр нараа санаад тогтдог юм биш. Аргаа бараад сууж байтал Дэлгэрэх сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Ганбаатар маань хамт олонтойгоо Хан Хэнтий нутгаар аялж явахдаа намайг буцааж авчраад сургуулийн дуу хөгжмийн багшаар томилчихлоо.

Жил гаруй багшилсан. Уг нь би багш болъё гэж ихэд дурлаж 55 насандаа дуу хөгжмийн багш мэргэжлээр дээд сургууль төгссөн юм. Бичиг цаас нь дийлдэхгүй юм билээ. Тэгээд л миний байх газар бол соёл урлаг л юм байна гэдгээ бүрэн ойлгоод Соёл спортын төвийн Хөгжмийн багшаар ажиллаж байна даа. Хуурынхаа буянд Монгол улсын бүх аймаг сум, баг байгууллага, хил хязгаар, малчин өрх айл гээд очиж үйлчлээгүй газар цөөхөн бизээ.

Орос, Хятадын хил ч давж хуурдаж л байлаа. Анх хуур барьж эхлээд 44 жил, мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж эхэлснээ бодвол 42 жил  хуураасаа салсангүй. Урлагийн алтан өргөөний хойморт нь эс ч гэлээ хатавчинд нь суулгүй л явж ирлээ. Надад өөр хийж чадах юм байхгүй болохоор хуураараа л өдий хүртэл хоолоо олж идлээ. Хуураараа сурсан төгссөн сургууль байхгүй ээ. 44 жил гэдэг хүний амьдралд чамгүй урт хугацаа.


-Танай  нутгийг Дэрэм олонтой  Дэлгэрэх ч гэж хэлцдэг? Бас адууны томоохон угшилтай нутаг даа?

-Манай нутаг сайхан нутаг аа. Ёстой л дэвжин дээшлэхийн ерөөлтэй. Биднийг хүүхэд байхад Дэлгэрэхийнхэн дэгжин, дээлээ хөөргөж өмсдөг гэдэг байлаа. Хүн зон нь хөөргөн дэврүүн зантай, хүний дор орохгүй омголон шартай, авьяас чадвар сайтай, алиа хошин мэдрэмжтэй. Бараг л шүлэглэж ярина. Хүнд нэр хоч өгөхдөө оносон гэж жигтэйхэн. Адил нэртэй олон хүн байдаг болохоор ялгахын тулд ихэвчлэн хочоор нь л дуудна.

Намайг ч мөн адил хочилдог байлгүй. Одоохондоо айхтар хочгүй байх аа. Хуурч Болдоо л гэцгээж байдаг юм. Манай нутгаас төрийн сайд, эрдэмтэн мэргэд, эмч багш, зохиолч сэтгүүлч, алдарт уяач нар, аварга малчид, урлагийн алдартнууд гээд бүхий л салбарт нэр алдраа дуурсгасан хүмүүс төрсөн. Соёлын гавьяат зүтгэлтэн Лувсангийн Одончимэд, “Одь” хэмээн алдаршсан гайхамшигт оточ Дорж гуай, Монгол Улсын гавьяат эмч Ж.Цэрэндэжид, П.Баатар, Монгол Улсын гавьяат багш Л.Чимиддорж, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гүрдорж, алдарт хуурч Ч.Банзрагч, Цэргийн дууны мастер гэгдсэн яруу найрагч С.Долд гээд яривал барагдахгүй. Хүнд нутаг сэтгэл гэх нэг юм байна аа. Би хаана ч явсан нутгаараа бахархаж, омогшиж нүүр бардам, ам дүүрэн ярьж явдаг шүү.


-Дэлгэрэх сумын айл болгон л морин хуураа дээдэлж хүүхэд хөгшидгүй хуураа аялгуулан суудаг байсан гэгддэг?

-Манай сум хуурын орон.Намайг хүүхэд байхад бараг л айл болгон хууртай байв. Айл бүхний хойд хөндийд утаа исэнд дарагдсан том том хуур бурхантай дүйцэн залаастай байх. Хуур урладаг олон хүн байсан. Харин эмэгтэй хүн хуурт хүрэхийг цээрлэдэг байсан юм.

1957 онд зөвхөн манай сумаас 25 хуурч аймагт тоглож байсан гэдэг. Би “Дэлгэрэхийн хуурчид” гэсэн ном бичих санаатай байгаа боловч он цагийн эрхээр зарим хүмүүсийн намтар түүх бүдгэрч мэдэх хүнгүй болсон байна. 2024 онд манай сумын 100 жилийн ой болно. Энэ үеэр номоо баринтаглаж дуусгана л гэж бодож байна. Төгс төгөлдөр болохгүй гэхэд түүх болон үлдэх юм. Бидний дөрвөн хүүхдээс хойш хуурч нэг хэсэг тасарсан.

Г.Цагаан-Өвгөн гуай дугуйлан хичээллүүлж, хуураа дахин сэргээсэн гавьяаг манай нутгийнхан мартах учиргүй. Өвгөн багш маань өөд болоод хуурчийг таслахгүй байх үүрэг надад оногдож байх шив дээ.


-Морин хуур, хурдан морь хоёр хүйн холбоотой гэлцдэг. Ялангуяа Дэлгэрэх сум хурдан морины тайж банди адууны угшилтай, улсын наадмын түрүү морь ч хэдэнтэй тодорч байсан хурдан адууны угшилтай нутаг?

-Манай нутгийн дээлээ даахуйц болсон нь хуурдана. Дээврээ даахуйц болсон нь морь уяна шүү. Монголын 13 том угшлын хоёр нь манайд байна. Тайж, Банди адуу. Би багадаа хурдан морь унаж хааяа нэг айраг амсаж явснаас морь мал уяж байсангүй. Дэлгэрэх нутгийн Дэлгэр хээр гэдэг хурдан хүлэг улсын наадамд түрүүлж байсан.


-Та морин хуур аялгуулан хөгжимдөхөөс гадна морин хуур хөгжмийг зааж сургах багшийн ажлыг олон жил хийж байгаа. Хэчнээн шавьтай вэ? Шавь нар хаана ажиллаж байна?   

-Эцэг дээдсийнхээ энэ нандин өвийг уламжлан авч яваа л гэж өөртөө омогших юм. Өөрөө хуурдахаасаа илүү хүүхэд залууст сургаж үлдээх юмсан гэж л бодох. Миний анхны шавь Ухнын Чойжил гэдэг бор хүү Хатанбулаг сумаас 1990 онд миний гар дээр ирж байлаа. Тэр маань одоо “Саранхөхөө” театртаа 30 дахь жилдээ ажиллаж байна.

Түүний шавь нар нь олон. Тухайлбал, Х.Данзанравжаа, А.Эрдэнэхуяг, Д.Мижиддорж, Д.Баасандорж гээд залуучууд бий. Д.Мижиддорж театртаа олон жил ажиллаж байна. Тэдний шавь гээд олон хүүхэд залуус байна. Ингэхээр би дөрөв дэх үеийн шавь нараа үзэж яваа азтай хүн. Би хоёр зуу гаруй хүнд морин хуурын анхны мэдэгдэхүүн олгосон байдаг.

Тэд бүгдээрээ хуурч болоогүй л дээ. Гэхдээ энэ нандин өвийг уламжлуулж үлдээж байгаа нь өөрөө үнэтэй юм. Миний шавь нар Монгол орны олон газар ажиллаж байна. Бас Солонгос, Япон, Америк хүнд ч хуур зааж л байлаа. 2018 онд Ч.Банзрагчийн нэрэмжит морин хуурчдын анхдугаар наадамд оролцсон хуурчдаас миний шавь У.Чойжилын шавь Д.Мижидоржийн шавь Д.Цэрэнбат гранпри шагналыг хүртэж байлаа. Тэр бол Дэлгэрэхийн манай удмын залуу. Өсвөр насанд миний сүүлийн үеийн шавь Г.Алтангэрэл гранпри хүртэж миний бусад шавь нар дэд, гутгаар, тусгай байрыг хүртсэн.

Саяхан ГовьСүмбэр аймагт зохиосон “Боржгин уртын дуу-Боржгин морин хуурчид”-ын уралдаанд миний шавь Дэлгэрэх сумын ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр тэргүүн байрт шалгарсан. 2017 онд мөн энэ наадамд Г.Алтангэрэл маань дэд байрт шалгарч байлаа.Таван аймгийн 17 сум хамарсан том уралдаан болдог. Үүний цаана боржгин өв соёлоо түгээн дэлгэрүүлэх том зорилго байгаа.


-Өөрийн нутгийн зан заншил, өв соёлыг дэлгэрүүлэх үүднээс язгуур өв соёл наадмыг Дорноговь аймаг нутагтаа зохион байгуулсан. Энэ наадамд танай сум тэргүүн байрт шалгарсан. Наадмын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Гурван зуу гаруй өвлөн уламжлагч оролцсон соёлын биет бус өвийн “ЯЗГУУР АЛТАН ӨВ” нэртэй сайхан наадмыг аймаг 14 сумын дунд зохион байгуулсан. Нутаг нутгийн мартагдаж байгаа олон биет бус өвийг сэргээх, өвлөн уламжлагчдаа таниулж алдаршуулахад чухал ажил болсон. Соёлын биет бус өвийг долоон ай савын 279 өвөөр баталсан байдаг юм билээ. Манай сумаас 26 өвлөн уламжлагч долоон ай савын 53 өвөөр оролцож тэргүүн байрт шалгарсан. Миний хувьд Дэлгэрэх сум энэ олон өвөөс аль нь өвлөгдөн үлдсэн бэ гэдгийг юун түрүүнд анхаарсан.

Дан язгуур урлаг ч юмуу эсвэл ардын дуу бол өв юмаа гээд хүмүүсээ дуулуулаад байх нь чухал биш л дээ.Тэгэхээр манай сум долоон ай савын 279 өвийн ямар ямар төрөлд нь оролцох вэ гэдгээ л бодож 30 минутад багтааж үзүүлэхийг зорьсон. Идээ ундаанаасаа эхлээд уртын дуу, боржгин морин хуур, ерөөл магтаал, уран бичлэг, малын уриа дуудлага, мал маллах арга ухаан,гар урлал, байгаль шинжих гэх мэт 53 төрлөөр оролцсон. Нутаг нутгийн онцлог өв бий. Жишээ нь манайд бий биелгээ, хөөмий өвлөн уламжлагдаж ирээгүй. Тэгэхээр манай нутгийн өв аль нь юм, өвлөн уламжлагч нь хэн юм гэдгийг л маш сайн ойлгох учиртай.

Ийм наадмыг ойр ойрхон явуулж, өвлөн уламжлагч нараа олон түмэнд таниулж байх нь чухал.


Өв гэдэг зүйл өвлөн уламжлагчтайгаа алга болдог эрсдэлтэй учир цаг алдалгүй өвлөн уламжлагч нарынхаа бичлэгийг авч үлдэх, сурч үлдэх нь чухал.

Энэ тал дээр саяхан аймгийн Музей Сургалт Судалгааны Төвийн захирал болсон, эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал маш сайн ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэрээр “Язгуур алтан өв” ном DVD хэвлүүлсэн.


-Энэ онд улсын хэмжээнд зохиогдсон “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” соёлын биет бус өвийн анхдугаар наадамд Дорноговь аймаг гуравдугаар байрт шалгарсан. Шүүгчид юуг онцолж шалгаруулсан бол? Дорноговь аймгийн онцлог юу байсан бэ? Та Ерөнхий найруулагчаар ажилласан?

-Соёлын биет бус өвийн ямар өв Дорноговьд хадгалагдаж байна вэ гэдгийг л онцолж харсан байх. Хөвсгөл аймаг түрүүлсэн нь аргагүй өвөрмөц ястан. Ховд аймаг дэд байрт шалгарсан нь мөн л олон ястны өлгий. Харин бид бол халхчууд.Тэр тусмаа говийнхон. 21 аймаг, есөн дүүргээс гутгаар байрт шалгарна гэдэг том амжилт. Тэгэхээр говь нутагт өв илүү хадгалагдаж байна аа гэсэн үг. 1300 гаруй өвлөн уламжлагч оролцсон наадмаас 21 шилдэг өвлөн уламжлагч шалгарахад нэг нь манай аймгийн оролцогч тэр тусмаа Дэлгэрэх сумын өвлөн уламжлагч Сангаагийн Сэрээтэр.

Тэрээр хонь тойглох өвөөр шалгарсан.Тэгэхээр хэн ямар өвөөр оролцох вэ гэдгээ зөв сонгосон байгаа биз. Нийт 40 минутад бүх өвийг багтааж үзүүлнэ гэдэг амар биш.Энэ чиглэлийн эрдэмтэн докторууд 40 минутад багтаан бүх юмыг үзээд шүүсэн. Энд мэргэжлийн хүн, зохиолын дуу хуур оролцохгүй байх, мөн цагтаа багтааж өвөө үзүүлэх шаардлага тавьсан. Аймаг орноос сайн дэмжлээ. Бид Даланжаргалан сумаас таван хошуу мал амьдаар нь ачиж аваачин оролцсон. Соёлын биет бус өв гэдэг ганцхан язгуур урлаг биш. Идээ ундаанаасаа эхлээд л аль болох олон өвөө үзүүлэхийг зорьсон. Миний барьсан гол чиг шугам бол энэ. Гэхдээ бид ноён хутагт Равжаагаараа титэмлэсэн.

200 гаруй жилийн өмнө туурвисан хутагтын бүтээлүүд нэг талдаа зохиогчтой юм шиг харагдавч ялангуяа манай нутгийн онцлог сор бүтээлүүд шүү дээ. Жишээ нь баруун аймгийнхан найман настай балчраасаа наян настай буурлаа хүртэл хэдэн үеэрээ өвлөөд авсан бий биелгээгээрээ түлхүү орно. Манайд тийм өвлөн уламжилсан бий биелгээ байхгүй. Манай өвлөн уламжлагч нар сайн оролцсон. Бүгдэд нь баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Би мэргэжлийн найруулагч биш. Тэр олон өвлөн уламжлагчдын үзүүлбэрийг л чадлынхаа хэрээр цаг хугацаанд нь багтаан зангидаж үзүүлэх үүрэг хүлээсэн. Монгол өв соёлдоо ихэд анхаарч байгаа эхлэл гэж бодогдсон.Тэнд л би ийм олон сайхан өв соёлтой монгол хүн шүү гэдгээ мэдэрч өөрийн эрхгүй омогшиж байлаа.


-Олон зуун жилийн түүхтэй өв соёл маань өдөр ирэх тутам биднээс алсарч холдож байна. Өв соёлоо хэрхэн авч үлдэх тухай таны бодол?

-Монголчууд эртнээс соёл урлагийн нарийн мэдрэмж, баялаг түүхтэй ард түмэн. Мэнд уснаасаа эхлээд гайхамшигтай соёлыг эзэмшин өвлөж яваа үндэстэн. Үлгэр домог, дуу хуураараа дамжуулан үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн байдаг. Бид соёлыг урлаг талаас нь ойлгоод байх болж. Соёл гэдэг өргөн агуулгатай. Харилцааны, хоолны, адуу малаа эдлэх соёл гээд л үргэлжилнэ. Улс үндэстэн бүхэн өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, өв соёлтой. Бусад улс гүрний өв соёлоос суралцалгүй л яахав. Гэхдээ өөрийн үндэсний өв соёлоо гээж болохгүй.

Манайд таарах таарахгүй нутагшуулж болохгүй өв соёл гэж бий. Жишээлбэл Хятадын хоолны соёлоос суралцаж байна гээд мал амьтныг амьдаар нь шарж түлээд л элдэв хорхой шавьж барьж идээд байж болохгүй. Биет бус өв өвлөн уламжлагчтайгаа хамт алга болдог зүйл. Тэгэхээр хойч үедээ яаралтай өвлөн уламжлуулж хадгалан үлдээх нь чухал.

Өвлөн уламжлагчийг бодлогоор дэмжих ёстой. Өвлөн уламжлагч хичнээн сэтгэл зүтгэлтэй байгаад дээрээсээ дэмжлэг байхгүй бол яахсан билээ. Гэхдээ дэмжлэг үзүүлээд байхад өвлөн уламжлагч сэтгэл зүтгэлгүй бол үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр аль аль тал нь тэнцэж байж өв соёлоо авч үлдэнэ.


Өв соёлоо мэдсэнээр, өөрсдөө сурч өвлөн уламжилснаар үндэстний дархлаа оршдог.


Хуучны юм ул болж шинэ юм зул болно гэх үг байдаг. Манай улс өв соёлоо хэсэг хугацаанд хаясан нь нууц биш. Одооноос л өв соёлоо сэргээх тал дээр олон ажил санаачлан зохиож байгаа нь сайн хэрэг. Язгуур өв соёл маань малчин түмэнд минь хадгалагдаж байна. Нутаг нутгийн цай ундаа, хоол идээгээ бэлтгэх, арьс шир, ноос үсээ боловсруулах, тэнгэр хангайгаа шинжиж ахуй амьдралаа зохицуулах, мал хуйгаа адуулж маллах, гар урлал, дуу хуураа өвлөх гээд олон зүйл бий.

1980-аад онд Ардын язгуур урлагийн наадмыг зохион байгуулдаг байсан. Өв соёлоо авч үлдэх нэг арга байж. “Монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй” гэж боддог. Хамгийн гол нь монгол зан заншлаа дээдэлж, өв соёлоо сурч, хэрэглэж, хайрлан хамгаалах нь чухал. Монгол дээл өмссөнөөрөө монгол хүн болдоггүй. Дөрвөн улирлын сайхан мэндтэй, мал ахуйгаа хайрлан дээдэлдэг гээд бүх талаараа монгол байх хэрэгтэй юм даа.


Related news