ДОРНОГОВЬ: Төв номын сангийн 80 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-10 16:53:02

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Төв номын сан үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна.


Үүнээс өмнө тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн үед 200 гаруй номтой номын сан хөмрөг говь нутагт байжээ. Тус аймгийн номын сан хуучнаар БНМАУ-ын Соёлын Яамны 1945 оны хоёрдугаар сарын 28-ны 28 тоот тушаалаар байгуулагдсан бөгөөд Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг 1961-1963 онд номын сангийн Эрхлэгчээр ажиллаж байхдаа номын сангийн одоогийн чулуун барилгын нэг давхрыг аж ахуйн аргаар дөрвөн өрөө бүхий 196 ам дөрвөлжин метр ашигтай талбайтай, 50 хүний суудалтай барьж ашиглалтад оруулж байв.


Одоогоор Номын сан мэргэжлийн таван номын санч, захиргаа үйлчилгээний ажилтнууд нийт 14 орон тоотой ажиллаж байна.


Өнгөрсөн 2024 оны байдлаар 1150 уншигч, 21350 иргэнд 22060 ном олгож,соёл олон нийтийн 285 ажил зохиож, 9876 хүүхдийг хамруулсан байна.


Насанд хүрэгчдийн уншлагын танхим, интернэт үйлчилгээ, гэр бүлийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох танхим, “Соёмбо” уншлагын танхим зэрэг танхим тасгаар үйлчилгээ явуулж байна.


Соёмбо салбар уншлагын танхимд иргэдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор АНУ-аас Монгол Улсад суугаа сайн дурын ажилтан нартай хамтран англи хэл сурах сургалтыг төрөл бүрийн хэлбэрээр явуулж байгаа юм. Түүхэн ойг тохиолдуулан аймгийн номын сангийн үүх түүхийг харуулсан ном, мөн түүхэн үзэсгэлэн, баярын хурал, урлагийн тоглолтыг зохион байгуулжээ.




Related news