Б.Мягмарнаран: Монгол Улс фейсбүүкт мэдээллийг өгөөд устгадаг гэсэн ойлголт байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-25 15:24:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийг хамгаалан шийдвэрлэх талын уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр “Блью Скай” зочид буудалд боллоо.


Хэлэлцүүлгийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар нээж хэлэхдээ, "Манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч. Түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернэт хэрэглэдэг. Мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай байна. Энэ нөхцөл байдалд цахим орчин болон нийгмийн сүлжээнд агуулга, харилцаа, үйлдлийн эрсдэл гарч болохоор байна.


Иймд өнөөдрийн хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийг оролцуулан цахим орчинд хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэж байна" гэв.

 

Б.Мягмарнаран: Монгол Улсад фейсбүүк рүү орж байгаад энийг устгачихья, мөн бид фейсбүүкт мэдээллийг өгөөд устгадаг гэсэн ойлголт  байхгүй.



Хэлэлцүүлгийн талаар оролцогч байгууллагын нэг Харилцаа, холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Б.Мягмарнарангаас тодруулга авлаа.

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хэн нэгэн этгээдийн эрхийг зөрчсөн тохиолдолд нийгмийн сүлжээний хаягийг шууд хаана гэж олон нийт ойлгон шүүмжлэлттэй хандаж буй. Хууль одоогоор олон нийтэд очоогүй учир энэ талаар тодруулна уу?

-Юуны өмнө тухайн иргэний мэдээллийг хаана хадгалдгийг тодруулж хэлье. Бид л фейсбүүк гээд байгаа болохоос биш олон нийтийн харилцдаг гүүгл зэрэг глобал олон платформ байдаг, тэр бүр дээр хадгалдаг. Бид мэдээллийг шууд өгөөд устгадаг гэсэн ойлголт байхгүй. Тухайн байгууллагууд өөрсдийн эрх зүйн орчинд хянаад, мөн тухайн улсын хууль эрх зүйн орчин бас байж шийдвэрлэдэг зүйл.


Хуулийн тухайд манайд эрхийн зөрчлийн талаар цагдаа, хуулийн байгууллага, харилцаа холбоо, оюуны өмчийн зэрэг олон газарт ханддагийг больж, бүгдээрээ нэг сувгаар, олон улсын платформд ханддаг болгоё. Үүнийгээ тодорхой болгон зохицуулах гэж буй эрх зүй юм. Эцсийн шийдвэрийг фейсбүүк компани гаргадаг, Монгол Улс зөвхөн дамжуулагчийн үүргийг л гүйцэтгэх юм.


Монгол Улс фейсбүүк компанитай ногоон суваг буюу Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны сувгийг үүсгэн ажилладаг юм. Үүгээрээ эрх бүхий байгууллагаас ирсэн шийдвэр дүгнэлтийг дамжуулдаг. Бидний дамжуулсан хүсэлтийг тухайн платформ хянаж үзээд устгах, хязгаарлах арга хэмжээг авах юм.


Бид өөрсдийн шийдвэрээ гаргаад түүнийг явуулахад устгана гэсэн ойлголт байхгүй. Фейсбүүк компани улс орнуудын Засгийн газруудаас хэдэн мэдээлэл ирүүлсэн, үүнээс хэдэд нь арга хэмжээ авсан талаар олон нийтэд тайлангаа жил бүр гаргадаг. Энэ нь нээлттэй байдаг.


-Өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн шинжтэй хэргийн 30 хувийг шийдсэн гэж байна. Энд ямар төрлийн шинжтэй хэргүүд орж байна вэ?

-Цахим залилан болон хүний эрх, оюуны эрхийг зөрчиж, нэр төрийг гутаан доромжилж буйтай холбоотой, гэмт хэргийн шинжтэй хэргүүд байгаа. Энэ талаар ШӨХТГ, мэргэжлийн хяналт, оюуны өмчийн зэрэг байгууллага болон шүүхээс гаргасан, эрх бүхий байгууллагуудын шийдвэр, дүгнэлт, актуудыг манайд ирүүлдэг. Ер нь хүний эрхийг зөрчиж буй, гэмт хэрэгтэй холбоотой гомдлыг манай иргэд хүний эрхийн, цагдаагийн байгууллагад мэдүүлэх, эсвэл шууд Фейсбүүк компанид репорт хийн хүсэлтээ гаргах боломжтой гэв.


Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Тайван хэлэхдээ, “Цахим орчинд гарч байгаа гэмт хэргийг үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, таслан зогсоосноор гэмт хэргийн тоо буурна. Ингэснээр зөрчилтэй гэж үзсэн мэдээлэл цахим орчинд бага түгэж, иргэд гэмт хэрэгт өртөх эрсдэл буурна.


Эрүүгийн цагдаагийн алба, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалдаг ТББ-удтай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулан, бага насны хүүхэдтэй холбоотой хууль бус агуулгатай мэдээллийг цахим орчноос устгуулах арга хэмжээ авдаг. Энэхүү хууль нь гэмт хэрэг гарах эрсдэл өндөртэй, хууль бус үйлдэл агуулсан контентыг зөрчилтэй гэж үзнэ. Хувь хүн, албан тушаалтны үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэл, мэдээллийг шүүнэ гэсэн үг биш. Зөрчилтэй контентоо тодорхойлж арга хэмжээ авснаар цахим орчин дахь гэмт хэргийг бууруулах эхлэл болно” гэв.


Өнөөдрийн х
элэлцүүлэгт ХЭҮК, Улсын Ерөнхий прокурорын газар, ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Монголын Хуульчдын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.


Энэ өдөр дээрх Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар мөн иргэний нийгмийн төлөөлөл  “Пума имперал” зочид буудалд нээлттэй хэлэлцлээ. Үүнд оролцсон эдийн засагч М.Чимиддоржийг байр суурь, саналыг сонсвол, энэ хуулийг бусад холбогдох хуулиудтай уялдуулан “нэгтгэсэн” гэж үзэж буй ч Монгол Улсын Онц байдлын зэрэг зарим хуультай зөрчилдөж байна хэмээн шүүмжлэлттэй хандаж байлаа. Тэрбээр, бүх нийтийн эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй нөхцөл байдлын хэв шинжийг тодорхойлж, харилцаа холбооны сүлжээг тухайн хэсэгт болон бүхэлд нь хязгаарлах эрхийг Дотоод хэргийн сайдын саналыг үндэслэн зөвлөл шийдвэрлэнэ гэсэн жишээг хэлж байлаа.  


Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Related news