ДУНДГОВЬ: Т.Мөнхцэцэг: Тэмээний өв соёл бол манай сумын брэнд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-26 14:44:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Өв соёлын өлгий” болох зорилт дэвшүүлсэн Өндөршил сумынхан “Тэмээний өв соёл”-ын танхим байгуулж, тэмээчдийнхээ түүх, намтрыг судлан, тэмээний өв соёлоо сурталчлах ажлыг эхлүүллээ.


Дундговь аймгийн Өндөршил сум тэмээний тоогоороо аймагтаа дөрөвт жагсдаг. Түүнээс гадна энэ нутагт Богд хааны тэмээн сүргийг маллаж байсан гэх түүх бий. Тус сумын Орон нутгийг судлах музейд соёлын үнэт өв болох 250 гаруй жилийн түүхтэй тэмээний “үржил” тамга хадгалагдаж байгаа нь энэхүү  түүхийн баталгаа юм.

Тиймээс Өндөршил сум тэмээний өв соёл, өв соёлыг тээгчдээрээ бахархах арвин түүх, дурсгалтай бөгөөд энэхүү түүх, соёлоо таниулах, сурталчлах, тэмээний өв соёлоо хүүхэд залуучуудад өвлүүлэх, соёлын боловсрол олгох зорилгоор сумын Соёлын төвөөс санаачлан ийнхүү “Тэмээний өв соёл” танхимыг нээжээ. 

Тус суманд Улсын аварга тэмээчин Б.Намсрай, аварга тэмээчин Т.Лувсанбалдан, удам дамжсан аварга тэмээчин Намсрайн хүү Сумьяа,  БНМАУ-ын Их хурлын депутат, Алтан ботгоны эзэн М.Энхтүвшин, аймгийн аварга тэмээчин, АИХ-ын депутат С.Ухна зэрэг алдартай тэмээчид олон бий.

“Тэмээний өв соёл” танхимд сумын ахмадууд, ахмад тэмээчдийн үр хүүхдүүд, залуучууд нэгдэж, үеэс үед өвлөгдөн хадгалж байсан тэмээний маллагаа, уналга, ачилга, өв соёлтой холбоотой эд зүйлийг хандивлаж, энэхүү түүхэн дурсгалыг бүтээхэд сумын удирдлагууд, Соёлын төв, Ахмадын хороо хамтран ажилласан байна.



Өндөршил сумын “Тэмээний өв соёл”, түүнтэй холбоотой баримт, түүх, дурсгалын талаар Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхцэцэгээс тодруулахад: “Тэмээний өв соёл бол манай сумын брэнд юм. Учир юу вэ? гэхээр 1974 онд манай сумын тэмээ хагас түмд хүрч, мөнгөн буйл, тогшоор шагнуулж байсан. Мөн манай нутагт Богд хааны төмөр тэмээн сүргийг маллаж байсан гэх түүх, домог бий. Тэр газар нь буюу Далай хийд байсан тэр газарт манай сумынхан тэмээний эцэг мал буурны хөшөөг босгохоор шав тавьсан.


Богд хааны төмөр тэмээн сүргийн тамга нь “үржил” хэмээн худам монгол үсгээр бичсэн, 24 см урттай, долоон см өргөнтэй, нэг см зузаантай, нэг кг орчим жинтэй ширмэн тамга юм.

XVIII зууны тэргүүн хагаст Манж нар Зүүнгар (Ойрад)-тай байлдахдаа Халх олноос цэргийн хэрэгцээнд төрөл бүрийн олон мянган малыг дайчлан гаргуулж зарцуулж байсан ба үлдсэн тэмээг цэргийн бэлтгэл сүрэг болгож, Түшээт хан аймагт зүүн, баруун хэсэгт “үржил сүрэг” болгон ардуудаар маллуулж байжээ. Тэр сүргийн зүүн хэсгийг Өндөршил, баруун хэсгийг Хулд, Дэлгэрхангай сумын нутагт маллаж байж.

Тэмээг маллуулахаар Ховд, Хэнтий, Говь-Алтай, Төв, Өмнөговь, Дорноговь зэрэг аймгаас малчдыг нутаг заан авч ирж, одоогийн Өндөршил сумын нутагт суурьшуулсан түүхтэй. Тэмээн сүргийн нэг суурь 10 мянган тэмээтэй байсан бөгөөд маллаж буй айл нэгийг ч дутаалгүй маллах үүрэгтэй. Дутаавал төлдөг хуультай байсан гэнэ.

Манжийн хааныг Монгол орноос хөөн явуулсны дараа энэхүү тэмээн сүрэг “Богд хааны төмөр тэмээн сүрэг” болсон  аж.

Энэ нутагт Далайн хурал гэж байсан түүхтэй. Далайн хурал алсаараа томгүй, дархан тэмээн сүргийг даган нүүж явдаг хоёр модон дугантай, хэдэн гэртэй, хорь гаруй ламтай, тэмээнийхээ нутгийн гол төвд байрладаг байжээ.

1960-аад оны сүүлчээр тэрхүү Далайн дуганы туурийн хормойн тус газраас Т.Лувсандорж гэх хүн энэхүү тамгыг олж, тус сумын Орон нутгийг судлах музейд хүлээлгэн өгчээ. 



Түүх соёлын танхимд манай ахмадууд, тэдний үр хүүхдүүд маш их сэтгэл гаргаж, эдэлж хэрэглэж байгаа болон хадгалж байсан эд зүйл, түүхэн баримтуудыг хүлээлгэн өглөө. Манай сумынхан ингэж маш ихээр дэмжиж байгаа.

Тухайлбал, тэмээний өв соёлтой холбоотой түүх домог, аймгийн аварга тэмээчин С.Ухна, Улсын аварга тэмээчин Б.Намсрай нарын тухай, тэдний тэмээ маллаж байсан арга туршлагын тухай 1970-аад оны үед хийж байсан түүхэн баримтат кино, аймгийн аварга тэмээчин Хайдавын урласан хом шат гэх мэт.

Аварга тэмээчин Лувсанбалдан гуай гэхэд тэмээ маллахаасаа өмнө аймгийн Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн эрхлэгч хийж байсан юм билээ. Тэр хүний хэрэглэж байсан богц, том, жижиг хоёр сампин, батлахны сав зэргийг хүүхдүүд нь хадгалж байх жишээтэй. Мөн аймгийн аварга тэмээчин Жигмэддорж гуайн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг хүүхдүүд нь өгнө гэх мэтчилэн танхимд тавих эд зүйлсээ бүрдүүлж байна.

Эртхэндээ хэрэглэж байсан хом, дээс олдохгүй байх даа гэхэд л манай малчид хадгалж байх жишээтэй. Тэмээний уналга, ачилгад хэрэглэдэг байсан эдлэл, хэрэглэлээс одоо манай танхимд ботгоны эргүүлэг, ширдэг, бамбай л дутуу байх шиг байна. Бусад нь ер нь бүрдсэн.

Мал маллах, түүнийг аж амьдралдаа ашиглах, малынхаа сүү цагаан идээг боловсруулах гэдэг маань бүгд л бидний өв соёл, тэр дундаа тэмээний өв соёл гэдэг үнэхээр арвин баян юм. Бид өнөөдөр өв соёлоо өвлөн уламжлагчдын хувьд үр хойчдоо зааж сургаж, өвлүүлэн үлдээх учиртай. Тиймээс манай сумынхан жил бүр тэмээний баяраа хийж, тэмээний эд зүйлс, сүү цагаан идээгээрээ үзэсгэлэн гаргаж, залуучууд, хойч үедээ сурталчлан таниулдаг. Цаашдаа ч энэ өв соёлоо улам дэлгэрүүлж, хөгжүүлэх болно” гэлээ.

Ташрамд дурдахад, Өндөршил сум 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3,4 мянган тэмээ тоолуулсан нь аймгийн нийт тэмээний 10 орчим хувийг эзэлж байна.



Related news