ХОВД: Эрчимт эмчилгээний тасгийн орны тоог нэмжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-30 11:11:15

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг буюу Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийг 1998 онд байгуулжээ.

Энэ төрлийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо, эмчилгээ үйлчилгээний эрэлт хэрэгцээ жил бүр нэмэгдэж байгаа гэж эмч нар хэлж байна. Өнгөрсөн онд л гэхэд 2000 гаруй иргэнд тусламж үзүүлэн ажиллажээ. Иймээс тус тасгийн орны тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүллээ. 

Тус тасаг нь анх  дөрвөн эмч,  дөрвөн сувилагч гээд 17 ажилтантай, эрчимт эмчилгээний хоёр ортой ажиллаж байжээ.  Тэгвэл өнөөдрөөс эхлэн  долоон ортой, найман эмч, 11 сувилагч гээд  нийт  24 орон тоотойгоор ажиллаж Ховд аймаг төдийгүй бүс нутгийн иргэдэд мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлнэ.


Тус  тасаг нь  мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ,  сэхээн амьдруулах ба амилуулах суурь тусламж, бөөр орлуулах (гемодиализ) эмчилгээ гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  Үүний дотор бөөр орлуулах эмчилгээ нь чухал байр суурь эзэлдэг бөгөөд нэг өвчтөн 7 хоногт 3-5 удаа гемодиализийн аппаратад орох шаардлагатай байдаг аж.


 


 

Related news