ӨМНӨГОВЬ: Бэлчээрийн мал аж ахуйг голчлон эрхэлж, өндөр ашиг шимтэй цөөн тооны мал сүргийг өсгөн үржүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хүрмэн сумын ИТХ, ЗДТГ-аас “Малчдын зөвлөгөөн-2023" үйл ажиллагааг нийт
малчдын дунд энэ сарын 1-нд зохион байгууллаа.
Тус сум 423 малчин
өрх, 636 малчинтай. 2022 оны жилийн эцсээр нийт 151604 толгой мал тоолуулснаас
тэмээ 10928, адуу 6003, үхэр 1258, хонь 34704, ямаа 98731 толгойг тус тус тоолуулсан юм.
Өнгөрсөн зун хур бороо
багатай байснаар өвөлжилт хүндэрч өнөөдрийн байдлаар Хүрмэн сумын 54 өрхийн
31567 мал сумын нутагтаа өвөлжиж байгаа бол отроор 86 өрхийн 33641
толгой мал бусад сумын нутагт оторлож байна.
Хүрмэн сумын малчдын зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Р.Сэддорж, ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ болон бусад албадын дарга нар оролцож, 2022 онд аймгийн хэмжээнд болон тус суманд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг хүргэж ажлаа танилцууллаа.
Зөвлөгөөнд Хүрмэн сумын 3 багийн нийт 125 малчин өрхийн төлөөлөл оролцлоо.
Тус зөвлөгөөнөөр малчид малынхаа тоо толгойд бус чанарт анхаарч, өндөр ашиг шимтэй цөөн тооны мал сүргийг хөгжүүлье, эрчимжсэн бус бэлчээрийн мал аж ахуйг голлон хөгжүүлэх, бэлчээр, усан хангамжаа гамнаж хамгаалах, хоршоо нөхөрлөлийг олноор байгуулж хамтын хөдөлмөрийг нэмэгдүүлэн аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулах, эдгээр бүлэг нөхөрлөл өөрсдөө таримал мод, тэжээлийн ургамлаа тариалан ашиглаж сурах, залуу малчдаа дэмжин урамшуулж зааж сургах, залгамж халаагаа бэлдэх зэрэг 4 гол чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэллээ.
Мөн бэлчээр, усан хангамж, уур амьсгал, малын эрүүл мэнд, малын үржил болон хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжил баг нийгмийн хүртээмж, салбар хоорондын түншлэл гэх мэт чиглэлд зорилтот ажлууд хийгдэж байгаа ч хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд алслагдсан бүс нутагт мал аж ахуй эрхэлж байгаа малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлууд зарим тохиолдолд алдагдаж байдаг талаар малчид саналаа илэрхийлжээ.