Европт цахилгаан автомашины борлуулалт өссөөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-02 15:56:57

БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбооны /ЕХ/ орнуудад цахилгаан автомашины борлуулалт хурдацтай өссөөр байгааг Европын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос /ACEA/ лхагва гарагт танилцуулсан шинэ тайлан харууллаа.


ЕХ-ны зах зээлд 2022 онд 9.1 сая автомашин худалдаалагдсаны 12.1 хувийг бүрэн цахилгаан тээврийн хэрэгсэл эзэлсэн байна. Энэ үзүүлэлт 2021 онд 9.1 хувь байсан бол 2019 онд ердөө 1.9 хувийг эзэлж байжээ.


Өнгөрсөн онд Германд цахилгаан автомашины борлуулалтын тоон үзүүлэлт дунджаас давсан нь дээрх өсөлтөд мөн нөлөөлсөн байна. Тус улсад цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авахад төрөөс татаас олгох журмын хэрэгжих хугацаа 2023 он гэхэд дуусах байсантай холбоотойгоор борлуулалт өсжээ.


Европт өнгөрсөн онд худалдаалагдсан нийт автомашины 22.6 хувийг хос хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл, харин 9.4 хувийг илүү орчин үеийн, цэнэглэдэг, хос хөдөлгүүртэй автомашинууд эзэлжээ. Мөн Европын хамгийн чинээлэг орнуудын нэг Бельгид 2022 онд худалдаалагдсан таван автомашин тутмын дөрөв нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ.


Бензин, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн ноёрхол дуусах дөхөж байна

ЕХ 2035 он гэхэд бензин, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн худалдааг зогсоохоор төлөвлөж байгаа энэ үед ийм автомашинуудын борлуулалт буурсаар байгаа ч шинэ тээврийн хэрэгслийн борлуулалтын тэн хагасаас илүү хувийг эзэлсэн хэвээр байна.


Бензин хөдөлгүүртэй автомашинууд өнгөрсөн жил худалдаалагдсан тээврийн хэрэгслүүдийн хамгийн их буюу 36.4 хувийг эзэлсэн бол дизель хөдөлгүүртэй машинууд 16.4 хувийг эзэлжээ.


Харин 2022 оны дөрөвдүгээр улиралд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн борлуулалт түүхэндээ анх удаа бензин, дизель хөдөлгүүртэй машинуудыг давсан байна.


Автомашин үйлдвэрлэгчдийн холбоо цэнэглэх станцыг нэмэгдүүлэхийг уриалж байна

Цахилгаан автомашин худалдан авахад тодорхой саад бэрхшээл тулгарсаар байгаагаас үнэ өртөг, цэнэглэх газар зэргийг хамгийн эхэнд дурдах нь зүйтэй.


Цахилгаан, хос хөдөлгүүртэй загварууд нь төрийн зүгээс татаас урамшуулал олгож байгааг үл харгалзан дотоод шаталтын хөдөлгүүртэйгээс илүү өндөр үнэтэй байдаг. Хэдийгээр ихэнх цахилгаан автомашин туулах зайны хувьд хангалттай гэж хэлж болохоор байгаа боловч цэнэглэгч станцын хүртээмж тулгамдсан асуудал хэвээр байна.


Үүнтэй холбоотойгоор Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Лука де Мео цэнэглэгч станц барих амлалтаа биелүүлэхийг Европын Засгийн газруудад уриалж байна. “Олон мэдэгдлийг хийж, олон амлалт өгсөөр байгаа ч дэд бүтцийн бүтээн байгуулалт хоцорсоор байна” гэж тэрбээр хэлжээ.


Одоогоор цахилгаан автомашинуудыг голчлон “чинээлэг” өрхүүд худалдан авч байгааг Л.Мео мөн хүлээн зөвшөөрөөд, цаашид энэ байдлыг аль болох богино хугацаанд өөрчлөх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Related news