ОХУ-ын бизнес эрхлэгчийн хураагдсан хөрөнгийг Украинд шилжүүлж буйгаа АНУ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-02-04 14:08:31

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд хоригт орсон Оросын олигархын хураагдсан хөрөнгийг Украинд шилжүүлнэ гэж баасан гарагт мэдэгдэв.


Тодруулбал, 2014 оноос хойш АНУ-ын хориг арга хэмжээнд өртөөд байгаа Оросын бизнес эрхлэгч, "Царьград" телевизийн сувгийг үүсгэн байгуулагч Константин Малофеевээс хураан авсан 5.4 сая ам.долларыг Украинд шилжүүлэн өгөх аж. 


CNN телевизээр мэдээлж буйгаар, М.Гарланд Украины Ерөнхий прокурор Андрей Костинтой уулзахдаа дээрх мэдэгдлийг хийжээ.


АНУ-ын шүүх Константин Малофеевын 5.4 сая ам.долларыг хураан авахыг өнгөрсөн пүрэв гарагт буюу хоёрдугаар сарын 2-нд прокурорт зөвшөөрсөн байна. 


Энэ нь ОХУ Украин руу халдан түрэмгийлсний дараа АНУ болон түүний холбоотнуудын авсан хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор “KleptoCapture” нэртэй тусгай бүлгийг өнгөрсөн онд байгуулснаас хойш Оросын олигархын хөрөнгийг хурааж авах шүүхийн анхны шийдвэр юм.


Related news