ГОВЬ-АЛТАЙ: "Туульсын хаан Жангар" энэ сарын 12-нд Алтай хотноо амилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-02-06 12:37:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Туульсын хаан Жангар” үйл ажиллагаа энэ сарын 12-нд Алтай хотноо болно.


Тодруулбал, Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан "Монгол Жангар хайлах" өвийг сэргээх, хадгалан, хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх "Баатарлаг Жангар" туулийг 1000 туульч хайлах үйл ажиллагааг Говь-Алтай аймагт анх удаа зохион байгуулна. 


Тус үйл ажиллагааны хүрээнд 1000 туульчийг бэлтгэн туулийн 17 бүлгийг хайлж байгаа бөгөөд Алтай ятга, Морин хуур, Товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулахаараа ихээхэн онцлогтой болох юм.


Тэртээ 15 дугаар зууны үеэс өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн соёлын биет бус үнэт өвүүдийн нэг бол яах аргагүй Жангар тууль юм.


Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Суръяа гуайн судалгаанаас үзэхэд, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Наран, Түмэн, Есөнбулаг сумаас Жангар туулийн дөрвөн эх гар бичмэл олдсон, Алтайн нурууны 13 ноён оргилын нэг Бурхан буудай уул тус туульд дурдагддаг гээд олон зүйлээр туультай холбогдож буй учраас үүнийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх ажлыг санаачилсан тухай Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газрын дарга С.Цагаанбаатар тэмдэглэн хэллээ. 


Related news