ЗАВХАН: Өрсөлдөх чадварын оноо өнгөрсөн оноос өссөн ч 20 дугаарт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-06 13:02:50

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос өсжээ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 11 дэх жилдээ “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2022”-ыг танилцуулсан.


Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг жил бүр харьцуулан судалж тайлагнадаг. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг байна.


Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг. Тэгвэл Завхан аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос найман оноогоор өссөн байна. Гэвч ерөнхий эрэмбээр Завхан аймаг 20-рт эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурсан шалтгаан нь бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул байна гэж дүгнэгдсэн байна.


Судалгааны мэдээлэлд үндэслэн, эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудад тулгарч буй бэрхшээлүүд болон шийдлийг боловсруулан гаргадаг.

Завхан аймгийн тухайд 2022 оны судалгааны үзүүлэлтээр ажлын байр бий болгох, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх. Бизнес эрхлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох. Урт хугацааны аймгийн хөгжлийн бодлоготой болох, түүнийг хэрэгжүүлэх. Бүтээн байгуулалтыг эрчимжүүлж хот төлөвлөлтөд анхаарах, үйлдвэрлэл хөгжүүлэх. Дулааны цахилгаан станц байгуулах, эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах гэхчлэн шийдлүүдийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санал болгожээ.  


Энэ судалгаа нь аймгуудын өрсөлдөх чадварыг хооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гадна тухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгож буйгаараа давуу талтай аж. 

Ингэснээр ямар аймаг яагаад өрсөлдөх чадварын хувьд бусдаас сайн эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давуу талаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэх шийдлийг олоход чухал эх үүсвэр болдог аж.

 

Related news