БАЯНХОНГОР: Мах, сүү цагаан идээний үнэ өссөн ч худалдан авалт сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-06 16:58:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт махны үнэ өмнөх оны мөн үеэс 500-1000 төгрөг, цагаан идээ кг тутамдаа 3000-5000 төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал, Өнөөдрийн байдлаар "Буянт богд" худалдааны төвийн Цагаан идээний төвлөрсөн захад ясны хонины мах нэг килограмм нь 8500-9000 төгрөг, ямааны мах 7500 төгрөгөөр худалдаж байгаа бол цул мах нь тухайн үнээс 2000-3000 төгрөгөөр илүү үнэтэй байна. Харин үхрийн ястай мах нэг килограмм нь 12 мянган төгрөг, цул мах 13500 төгрөгийн ханштай байна.



Малчдаас ирэх үнийн дүн өссөнтэй холбоотойгоор цагаан идээний үнэ харьцангуй өндөр байгаа ч худалдан авалт сайн байгааг худалдаачид хэлэв. 

Тус төвд тэмээн тавган ааруул нэг килограмм нь 50 мянган төгрөгийн үнэтэй, бусад ааруул 35-45 мянган төгрөг, чихэртэй ааруул /цөрөм/ нэг килограмм нь 22 мянган төгрөгөөр худалдаж байгаа бол тавгийн /хэвийн/ ааруул 28-30 мянган төгрөгийн үнэтэй байна. Тавгийн ааруул таван үе өрөхөөр авахад 150-180 мянга орчим төгрөг болохоор байгааг худалдаачин тайлбарласан. Тавгийн ааруулыг шүүсэн аарц, элсэн чихэр, өрөм, сүүгээр амталсан элдэв хольцгүй болохыг онцлоод Улаанбаатар хотоос захиалга их ирдэг, унаанд тавьж өгч явуулж байгаагаа мөн ярив.

Сарлагийн сүү нэг литр нь сүү 5500-6000 төгрөг, ингэний хоормог 12 мянган төгрөгийн үнэтэй байна.




Related news