Бархасбадь гаргийн дагуулын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-02-06 16:51:50

ВАШИНГТОН. /AP/. Одон орон судлаачид Бархасбадийн эргэн тойронд 12 шинэ сарыг нээснээр дагуулуудынх нь тоо 92-т хүрчээ.


Ингэснээр нарны аймгийн хамгийн олон дагуултай гарагт тооцогдож байсан Санчир 83 дагуултайгаар хоёрдугаарт бичигдэж эхэлсэн байна.


Бархасбадийн саруудыг Олон улсын одон орон судлалын холбооны жагсаалтад саяхан нэмж оруулсан гэж Карнегийн шинжлэх ухааны хүрээлэнгийн одон орон судлаач Скотт Шеппард мэдээлжээ.


Тэдгээр дагуулыг 2021, 2022 онд Хавай, Чили дэх дуран авайнуудын тусламжтайгаар илрүүлж, улмаар холбогдох ажиглалтыг явуулсны дүнд тойрог замуудыг нь тогтоосон байна.


Шинээр илрүүлсэн сарууд нь 1-3 километрийн хэмжээтэй гэж С.Шеппард хэлээд, гарал үүслийг илүү сайн тодорхойлохын тулд ойрын ирээдүйд эдгээр сарны аль нэгийг нь ойрын зайнаас дүрсийг нь буулгана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.


Ирэх дөрөвдүгээр сард Европын Сансар судлалын агентлаг Бархасбадийг, мөн түүний том, мөстсөн саруудыг судлах сансрын хөлгийг тус гараг руу илгээнэ. Мөн ирэх онд АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах төв /NASA/Бархасбадийн сарыг судлах “Europa Clipper” төхөөрөмжийг илгээх юм.


Хэдэн жилийн өмнө Санчирын олон дагуулыг илрүүлж байсан С.Шеппард нь Бархасбадийн эргэн тойронд 70 сарыг илрүүлсэн судалгаанд оролцоод байгаа ажээ.


Бархасбадь, Санчирын олон жижиг дагуулыг том сарууд өөр нэгэнтэйгээ, эсвэл сүүлт од, солиртой мөргөлдөх үед үүссэн хэлтэрхийнүүд гэж үздэг хэмээн С.Шеппард ярилаа. Тэнгэрийн ван, Далайн ванд ч мөн төстэй байдал ажиглагддаг ч дэлхийгээс хол зайд оршдог учир дагуулуудыг нь илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна.


Одон орон судлаачдын тогтоосноор, Тэнгэрийн ван 27, Далайн ван 14, Ангараг хоёр, Дэлхий нэг сартай байна. Харин Сугар, Буд гаргуудын хувьд дагуулгүй байна. Бархасбадийн шинээр илрүүлсэн дагуулуудад хараахан нэр оноогоогүй байгаа бөгөөд С.Шеппардын хэлснээр, тэдгээрийн тэн хагас орчим нь л нэр оноохуйц буюу 1.5 километрээс дээш хэмжээтэй ажээ. 

Related news