Грэмми наадмын үзэгчдийн тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК. /AP/.
Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг
тодруулдаг Грэмми наадмын шагнал гардуулах ёслолыг телевизээр 12.4 сая хүн үзэж
сонирхсон талаар “Nielsen”
компани даваа гарагт мэдээллээ.
Дэлхий нийт “COVID-19” цар тахалд нэрвэгдсэн өнгөрсөн хоёр жилийнхтэй харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт болжээ. Ёслолын шууд дамжуулалтыг 2021 онд 8.8 сая, 2022 онд 8.9 сая хүн үзэж байсан юм.
Хэдийгээр "Грэмми-2023" шагнал гардуулах ёслолын үзэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн ч 2020 онд 18.7 сая хүн үзэж байсан цар тахлын өмнөх түвшинд хүрч чадаагүй байна.
Сүүлийн жилүүдэд
телевизийн шууд дамжуулалтыг үзэх үзэгчдийн тоо буурах болоод байгаа хэдий ч
мэргэжлийн хөл бөмбөгийн тэмцээн зэрэг цөөн хэдэн арга хэмжээ үзэгчдийн тоогоо
хадгалсаар байна.