ДОРНОГОВЬ: Нас гүйцсэн ат хоёр сая төгрөгийн үнэтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-07 12:49:57

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс харахад малын зах зээлийн дундаж үнийн мэдээгээр нас гүйцсэн ат Хөвсгөл суманд хамгийн их буюу хоёр сая төгрөг, Өргөн суманд хамгийн бага буюу 800 мянган төгрөг байгаа бол соёолон үрээ Хөвсгөл суманд хамгийн их буюу нэг сая төгрөг, Хатанбулаг суманд хамгийн бага буюу 400 мянган төгрөг байна.

Харин хязаалан гуна Даланжаргалан, Дэлгэрэх суманд хамгийн их буюу 1.5 сая төгрөг, Алтанширээ, Сайхандулаан, Эрдэнэ суманд хамгийн бага буюу нэг сая төгрөг байна. Харин нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Хөвсгөл, Эрдэнэ, Замын-Үүд суманд хамгийн их буюу 250 мянган төгрөг, Хатанбулаг суманд хамгийн бага буюу 120 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Сайншанд суманд хамгийн их буюу 190 мянган төгрөг, Өргөн суманд хамгийн бага буюу 70.0 мянган төгрөг байгаа юм.

Энэ жил Дорноговь аймгийн зарим суманд цас орж хүйтэрснээс өвөлжилт хүндэрч бог, бод мал олон тоогоор хорогдоод байна. Аймгийн ХХААГ-аас Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ суманд бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг хүнсэнд буюу зах зээлд нийлүүлэх зорилгоор Хэнтий аймгийн мал мах бэлтгэдэг хоёр аж ахуй нэгжтэй хамтран мах бэлтгэх ажлыг зохион байгуулж хонь 5500, адуу 4500, ямаа 4000 төгрөгөөр худалдан авч байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Related news