Испанид нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх журмыг цуцалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-02-08 08:58:44

МАДРИД. /AFP/. Испанийн Засгийн газар нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт заавал зүүх журмыг мягмар гарагт цуцалжээ.


Ингэснээр галт тэрэг, автобус, усан онгоцонд лхагва гаргаас эхлэн амны хаалт зүүх шаардлагагүй болж байгаа бол эмнэлэг, асрамжийн газруудад уг журмыг үргэлжлүүлэн мөрдөнө гэж Эрүүл мэндийн сайд Каролина Дариас мэдэгдсэн байна.


Испанид “COVID-19” халдварын нөхцөл байдал энэ цаг мөчид ерөнхийдөө тогтворжоод байгаа тул ийм арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг К.Дариас Засгийн газрын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ.


Тус улсад битүү орчинд амны хаалт зүүх журмыг хоёр жил орчмын турш мөрдсөний эцэст 2022 оны дөрөвдүгээр сард цуцалсан ч нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлэг, асрамжийн газруудад үргэлжлүүлэн мөрдөж байсан юм.


2020 оны эхээр “COVID-19” цар тахал дэгдэж эхлэх үеэс Испанид битүү орчин, задгай талбайн аль алинд амны хаалт заавал зүүхийг журамласан. Улмаар задгай талбайд амны хаалт зүүх журмыг 2021 оны дундуур цуцалсан ч “оимкрон” хувилбарын давлагааны үеэр буюу 12 дугаар сараас хоёрдугаар сарын хооронд дахин тогтоож байв. 

Related news