ӨМНӨГОВЬ: "Учиртай гурван толгой" дуурийг Өмнөговь аймагт анх удаа тоглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-02-10 11:52:22

Өмнөговь /МОНЦАМЭ/  Монголын сонгодог урлагийн сор бүтээл "Учиртай гурван толгой" дуурийг аймгийн ХЖТ-ын тайзнаа анх  удаагаа тоглож,  говь нутгийн үзэгчдийн сэтгэл оюуныг баясгалаа.

 

УДБЭТ-ын 60 жилийн ойн хүрээнд 80 гаруй уран бүтээлч говь нутгийг зорин ирж, Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн тeатрын 30 гаруй уран бүтээлчтэй хамтран "Учиртай гурван толгой" дуурийг өмнийн говийн ард түмэнд толилууллаа.

 

2023 оны 2 дугаар сарын 9-нд болсон сонгодог дуурийн тоглолтын энэ үеэр УДБЭТ-ын залуу хөгжимчид дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийн дээжээс үзэгчдэд тоглож хүргэсэн нь үзэгчдийн ташаалд илүү хүрч, халуун алга ташилт тасраагүй билээ.

 

“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар, Нансалмаагийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин М.Даариймаа, Балганы дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ, Хоролмаагийн дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, туслах дүрүүдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт, Өмнөговь аймгийн ХЖТ-ын гоцлол дуучин О.Хосбаяр нарын 100 гаруй уран бүтээлч тоглосон юм.


Өмнөговь аймаг 2023 онд соёл урлагийн салбарын үйл ажиллагааг дэмжин уран бүтээлчдийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үе шаттай ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын санаачилгаар сонгодог урлагийн сор бүтээлийг Өмнөговь аймгийн зон олонд толилуулан, оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Тус ажлыг зохион байгуулахад “KARS компанийн хамт олон хамтран дэмжин ажилласан байна.

 

Их зохиолч Д.Нацагдоржийн цомнол, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим "Учиртай гурван толгой" дуурийг анх 1934 онд Улсын дуурийн театрт тавьж байсан бөгөөд энэ онд 89 дэх жилтэйгээ золгож байгаа аж. "Учиртай гурван толгой" дуурь нь 3 бүлэг, 5 үзэгдэлтэй.  

 

Уран бүтээлчдийн хамтарсан “Учиртай гурван толгой” дуурийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 19.00 цагаас  Өмнөговь аймгийн ХЖТ-ын тайзнаа дахин тоглоно.









Related news