ДОРНОГОВЬ: Шинэ сургууль ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотын VI багт 640 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын зургаадугаар сургууль энэ сарын 10-нд ашиглалтад орлоо.
Шинэ сургууль мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан бөгөөд орчин үеийн стандартад нийцсэн хичээл, сургалтын танхим, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан шат, багш, хүүхэд хөгжлийн төв, мэдээллийн танхим, хичээлээс гадуурх сонгон, дугуйлан, секц, давтлага зохион байгуулах тохилог өрөө танхимтай, зургаан настай хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх танхимыг бүрдүүлснээрээ онцлогтой.
Сургууль ашиглалтад орсноор Дорноговь аймгийн боловсролын байгууллагын хүртээмж 100 хувьд хүрч байна гэж албаныхан мэдээлэв. Аймгийн Засаг дарга О.Батжаргал хүүхдийн сурах орчин нөхцөл, багш сурагчдын хөгжих боломж бололцоог бүрдүүлэх зорилгоор 48 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий иж бүрэн мэдээлэл технологийн сургалтын танхимыг хүлээлгэн өгөв.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нар болон бусад албаны хүмүүс, багш, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо.