ӨМНӨГОВЬ: “Эрчүүдээ хайрлая” хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-02-14 17:12:09

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Эрчүүдээ хайрлая” уриан дор зохион байгуулж байгаа тус хөтөлбөрөөр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй хөдөлмөрийн насны эрчүүд, өсвөр насны хөвгүүдийн эрүүл мэндийн боловсролд түлхүү анхаарч ажиллахыг зорьж байна.


Тодруулбал, хөтөлбөр эхний ээлжинд цагдаа, цэрэг хүчний байгууллагад ажиллаж байгаа эрчүүдийг эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхлээд байна.


Эрчүүдийн дунд хүнд хүчир ажил, архи, тамхины зохисгүй хэрэглээ, амьдралын буруу хэв маяг зэрэг эрсдэлт хүчин зүйлээс шалтгаалан  зүрх судасны өвчлөл тэр дундаа зүрхний шигдээс, цус харвах магадлал өндөр байна. Тэдний дундаж наслалт эмэгтэйчүүдтэй харьцуулахад улсын хэмжээнд 10-12 насаар бага байгаа бол Өмнөговь аймгийн хувьд 8-9 насны зөрүүтэй байна гэсэн судалгаа гарчээ.  

 

Тиймээс Өмнөговь аймаг “Эрчүүдээ хайрлая” хөтөлбөрийг бодлогын хэмжээнд хэрэгжүүлж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эхний ээлжинд цэрэг хүчний байгууллагын 200 эрэгтэйг хамруулжээ.

 

Өдөрлөгийн хүрээнд хамрагдаж байгаа эрчүүдийг ходоод, элэгний В, С вирус, шүдний үзлэг болон шээс бэлгийн замын халдварыг илрүүлэхээс гадна бусад үзлэг, шинжилгээг хийх юм. Ийнхүү цаашид өрх гэрийн тэргүүн эрчүүд болон хөвгүүдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, тэдэнд чиглэсэн үзлэг үйлчилгээг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.


Ц.Бадамцэрэн: Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын тоо маш их зөрүүтэй байдаг. Эрчүүд өөрсдийгөө тэвчээртэй байх ёстой гэсэн өрөөсгөл хандлага гаргаж, эрүүл мэнддээ анхаарал дутуу хандуулдаг. Түүнчлэн ажлын хүнд хүчрийг хийж амьдралынхаа бүх л асуудлыг үүрдэг зэрэг олон учир шалтгааны улмаас эрчүүдийн эрүүл мэндийн байдалд нь их нөлөөлдөг. Амьдралын энэ их ачааллын хажуугаар эрүүл мэнддээ тэр бүр анхаарал хандуулж амждаггүй. Мөн хөвгүүддээ эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хийж байна. Эцэг эхчүүд охидуудаа их анхаараад хөвгүүддээ арай бага анхаарал хандуулах тал бас байдаг. Тиймээс орон нутгийн зүгээс эрчүүддээ зориулан “Эрчүүдээ хайрлая” хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Эрчүүдийн эрүүл мэндийн боловсролд онцгой анхаарах ёстой хэмээн бодлогын түвшинд авч үзэж байгаа юм.

 

Б.Отгонжав: БОЭТ-ийн Урологийн мэс заслын их эмч

“Эрчүүдээ хайрлая” хөтөлбөрийн хүрээнд эрчүүд дийлэнх ажиллаж байгаа цэрэг хүчний байгууллагуудад ажиллаж мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоог хийж байна.  

Ажил амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад эрчүүд өөртөө цаг зав гарган эрүүл мэндийн үзлэг оношлогоонд орохгүй явсаар өвчнөө хүндрүүлэх нь их байдаг. Бид өсвөр болон дунд, ахимаг насны эрчүүдийн дунд ямар өвчлөл зонхилон тохиолдож байгаа талаар үзлэг оношилгооны явцад тодруулахаар багц үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

 

 

 

Related news