ДОРНОГОВЬ: Түмэн тэмээний эзэд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-16 15:37:22

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сум өнгөрсөн жил түмэн тэмээ тоолуулсан бөгөөд хоёрдугаар сарын 9-10-нд түмэн тэмээний баярыг өргөн дэлгэр тэмдэглэлээ.


Хуучнаар Түшээт хан аймгийн Ачит гүний хошууны нутагт эрт үед өмнөөс умардыг чиглэсэн жингийн цуваа явж байсан төдийгүй өртөө улааны томоохон зам энэ нутгаар дайрч байжээ. Эл нутагт энэ жил алаг тарлан цастай, цаг агаар тогтуун сайхан өвөл болж, хавартай золгож байна.

Өнгөрсөн жил барьсан Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам Мандах сумын нутгаар дайрч буй. Төмөр зам дагуу ашигт малтмалын ордууд болох нүүрсний томоохон ордуудад компаниуд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Мөн “МАК” ХХК-ийн Цагаан суваргын зэсийн орд ашиглалтад орвол энэ бүс нутаг ирээдүйд томоохон хөгжлийн төв болох боломж харагдаж буй. Тус сум өмнөх нийгмийн үед мал сүргийг өсгөн үржүүлж, мах ноос нийлүүлэх төлөвлөгөөг биелүүлэн тэр тусмаа тэмээн тоо толгойг өсгөн тэмээнээс гарах ашиг шимийг нэмэгдүүлж, сум, аймгаа хошуучилсан тул төр засгийн дээд шагнал Алтан гадас одон хүртэж байжээ.

Мандах сум 1924 оны 8 дугаар сарын 1-нд байгуулагдсан бөгөөд Засаг захиргааны таван багтай, Дорноговь аймгийн баруун хэсэгт байрладаг.

Зүүн талаараа Сайхандулаан, урд талаараа Хөвсгөл, Хатанбулаг, зүүн талаараа Улаанбадрах, баруун урд талаар Өмнөговь аймгийн Манлай, хойд талаараа Өндөршил, баруун хойд талаараа Дундговь аймгийн Өлзийт сумтай хил залгаж Улаанбаатараас 454 км, Дорноговь аймгийн төв Сайншандаас 170 км зайтай оршиж байна.

Монголын алдарт 33 говийн Загийн усны хоолойн говь, Галбын говь, Хармагтайн говь энэ нутагт байдаг. Говь нутгийн үзэсгэлэн, онцлог шинжийг агуулсан энэ нутгаас Монголын тэмээчдийн дундаас төрөн гарсан анхны Хөдөлмөрийн баатрын нэг Насангийн Хүрээт, Хөдөлмөрийн баатар, үхэрчин Наваантаяагийн Цэвэл, Гавьяат малчин, тэмээчин Д.Гэрэл, Гавьяат малчин Р.Энхтайван, БНМАУ-ын хошой аварга тэмээчин С.Гомбосүрэн, БНМАУ-ын аварга тэмээчин Ц.Доёд, БНМАУ-ын аварга төлчин, тэмээчин Ц.Цэгмэд, БНМАУ-ын аварга төлчин тэмээчин Л.Ухна, БНМАУ-ын аварга төлчин тэмээчин Ө.Цог, улсын аварга малчин Н.Баясгалан, Б.Батбаяр, нэгдэл нийгмийн өмч болсон мал сүргийг өсгөж үржүүлэх, хайрлан хамгаалахын шуурган дундуур малынхаа хойноос явж байгаад осолдсон малчин Р.Цэенпэл зэрэг олон хөдөлмөрийн сайчуул төрөн гарчээ.

Эхний өдөр нутгаасаа төрөн гарсан хөдөлмөрийн баатар Н.Хүрээт, Н.Цэвэл нарын дурсгалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлсэн бол дараа нь шинэчлэн дэглэсэн сумын орон нутгийг судлах музейг иргэд үзэж сонирхов.

Мөн аймаг сумаас төрөн гарсан аварга малчдад шагнал гардууллаа. Энэ үеэр “МАК” ХХК Ботго бүрд бонус хөтөлбөрийн хүрээнд зарим малчинд мөнгөн урамшуулал гардуулсан юм. Шагналын дараа “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, цагаан идээ, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнийг дөрвөн нэр төрлөөр 26 иргэн аж ахуйн нэгж байгууллагууд  олны хүртээл болгон, оролцогчдын дундаас шилдэг үйлдвэрлэгчдийг шалгаруулсан юм.


"Шилдэг сүү, цагаан идээ"-гээр П.Номинчулуун, "Шилдэг талх, нарийн боов” Д.Ундраа, "Шилдэг гар урлал, үндэсний хувцас”-аар Т.Байгаль, "Шилдэг малын тоног хэрэгсэл”-ээр Д.Мөнхчулуун нар тус тус шалгарав.

Мөн үдэш Мандах сумын соёл, урлагийн ажилтнуудын уран бүтээлийн тоглолт болж, сумынхан нэг үдэш хөл хөгжөөн дүүрэн өнгөрүүлсэн юм.

Түмэн тэмээний баярын хоёр дахь өдөр хурдан тайлаг, торомны уралдаан зохион байгуулж, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн найман сумын тэмээчид хурдан тэмээгээ сойн оролцлоо. Зөвхөн уралдах тайлаг тэмээ, тором тус бүрд 20 гаруй тоогоор мордсон нь малчид тэмээний баяр наадамд идэвхтэй оролцсоныг илтгэж байна  Говийн аймгуудад тэмээн уралдаан нэгэн төрлийн спорт болох эхлэл тавигджээ. Зарим малчид сумын аймгийн алдарт уяач цол хэргэмтэй болсон байна.

Мөн шилмэл ингэ, буур шалгаруулж,"Сайхан тэмээтэй ганган хос", тэмээчдийн дунд буухиа тэмцээн, буйл зорох, аргал түүх зэрэг Монголын уламжлалт мал маллагааны арга хэлбэрийг харуулсан сонирхолтой тэмцээн болсон юм.


Ташрамд дурдахад Мандах сум 1971-1991 онд түмэн тэмээ тоолуулж 1975 онд Мөнгөн буйлын эзнээр, 1979 онд хамгийн олон тэмээ буй 13066 толгой тэмээ тоолуулж Хөдөө аж ахуйн яамны “Мөнгөн ботго”-оор шагнуулж байсан түүхтэй аж. 1992 оноос тэмээн тоо толгой огцом буурч орон нутгаас МАК ХХК-тай нийгмийн хариуцлагын хүрээнд "Ботгонд бонус" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн төдийгүй сумын ажилсаг хөдөлмөрч малчдын хичээл зүтгэлээр тэмээний тоо толгой жил бүр өсөж эдүгээ 10195 тэмээтэй болж тэмээн тоо толгойгоор аймагтаа тэргүүлээд байна.

Мандах сум өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарт хамгийн их хөрөнгө оруулсан сумаар шалгарсан бол аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр ч бүтээлч олон ажил өрнүүлжээ. Энэ жил Орон нутгийг хөгжүүлэх сангийн 500 сая төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх бол сумын дэд бүтцийн зураг төлөвлөлтийг хийлгэх, эмнэлэг болон ЗДТГ-ын тоног төхөөрөмжийг шинэчлэх гээд багагүй ажил төлөвлөжээ.

Мандах нутгийн зон олны буй болгосон Ганган улаан тэмээ түм бумаар өсөж, малчид хөдөлмөрчдийн аж амьдрал өрнөн дэлгэрч байгаа нь төр хувийн хэвшил, иргэдийн  хамтын ажиллагаанаас үүдэлтэй гэдэг нь харагдаж байлаа. 

Related news