ӨВӨРХАНГАЙ: Ч.Дорьж: Ямар ч мал тарга, хүч сайтай л байвал өвөл, хаврыг ажрахгүй давдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-16 17:47:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн аймгийн аваргуудын шагналыг Нутгийн Удирдлагын Ордны “Сүлд” танхимд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Энэ жил Өвөрхангай аймгаас “Аймгийн аварга малчин” 79, “Аймгийн аварга тэмээчин” 2, “Аймгийн аварга үхэрчин” 1, “Аймгийн аварга саальчин” 6, “Аймгийн аварга фермер” 1, “Аймгийн аварга тариаланч” 4, “Аймгийн аварга тариаланч хамт олон” 1, “Аймгийн тэргүүний хоршоо” 1 тус тус шалгарсан.

“Өнгөрсөн жил аймгийн аваргуудын шагналыг гэрт нь гардуулж өгч байсан бол энэ удаа эдийн засгийн хэмнэлт үзүүлж, нэгдсэн байдлаар ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгөхөөр шийдвэрлэсэн” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.



“Аймгийн аварга малчин” шагналыг гардсан хамгийн ахмад настай нь болох Хайрхандулаан сумын Эмээлт багийн малчин Ч.Дорьж гуайтай цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр 1948 онд төрсөн, нас сүүдэр 70 гарч яваа, 1981-1985 оны “Таван жилийн гавшгайч, 2014 оны “Сумын аварга малчин” юм. Одоогоор адуу, хонь, ямаа гэсэн гурван төрөл дээр малаа өсгөж, мал маллах арга ухааныг хүү Д.Нарангэрэлдээ өвлүүлэн өнтэй өвөлжиж байна. 


2022 онд адуу 76, хонь 294, ямаа 473 толгой буюу нийт 843 толгой мал тоолуулсан бөгөөд адууг Хэнтийн “тогоруу” угшлаар, хонин сүргийн Баянгол омгоор, ямааг Сүхбаатарын “улаан” үүлдрээр сайжруулж байгаа аж. Ч.Дорьж гуай “Ямар ч мал хүч, тарга сайтай л байвал өвөл, хаврыг ажрахгүй давдаг. Тиймээс бэлчээр, ус сайтай газар малаа дагаад явбал халуун, хүйтнээс айлтгүй. Мал бол буянтай амьтан” гэв. 


Түүний гэргий Л.Дуламсүрэн “Ханьтайгаа мал маллаад 30 гаруй жил болж байна. Сүү, саалиндаа хуванцар савны хэрэглээг бүрэн халж, уламжлалт мод, ган материалтай сав суулга хэрэглэж байгаа. Залуучуудыг хөдөлмөрлөж, юмхнаар юм хийж сураарай гэж захья” гэсэн юм.

Ч.Дорьж гуайнх сум, орон нутгийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, жил бүр хандив тусламж үзүүлж ирсэн. Сумын ЗДТГ, Ахмадын хорооны үйл ажиллагааг дэмжих, овооны тахилга, хадагны наадамд хандив өгөх зэргээр хамтран ажилладаг болохыг сум, багийн дарга нар нь онцоллоо.

Related news