Туркт байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-02-20 10:32:44

АНКАРА. /Anadolu/. Туркийн зуун нутагт энэ сарын эхээр болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 41 020-д хүрээд байна гэж тус улсын Онцгой байдлын газраас мэдээлэв.


Энэ сарын 6-ны өдөр болсон 7.7, 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Кахраманмарас мужид байсан бөгөөд Хатай, Газиантеп, Адияман, Малатья, Адана, Диярбакыр, Килис, Османие, Шанлыурфа зэрэг 10 муж нэрвэгджээ. Байгалийн гамшигт 13 сая гаруй хүн өртөөд байна.


Туркт 10 хүрэхгүй цагийн зайтай болсон хоёр газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мөн Сири, Ливан зэрэг бүс нутгийн хэд хэдэн оронд мэдрэгдсэн юм. Туркийн Онцгой байдлын газрын мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа 6210 гаруй чичирхийлэл бүртгэгджээ.


Ням гаргийн байдлаар, байгалийн гамшигт өртсөн бүсэд дотоод, гадаадын эрэн хайх, аврах албаны 19 436 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд аврах албаныхан холбогдох яам, байгууллагууд болон гадаадын улс орон, олон улсын байгууллагуудаас илгээсэн нийт 216 166 майхныг барьжээ.


Түүнчлэн Кахраманмарас, Хатай мужаас бусад байгалийн гамшигт өртсөн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа дууссан гэдгийг Онцгой байдлын газрын дарга Юнус Сезер сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Түүний хэлснээр, 40 орчим барилгын орчимд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.


Тэрбээр багалийн гамшигт өртсөн бүсээс бусад муж руу иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгааг онцлон тэмдэглээд, одоогийн байдлаар 460 900 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгааг эш татан мэдээлжээ. Мөн 800 мянга орчим иргэнд 10 мянган лирагийн /531 ам.доллар/ мөнгөн тусламж үзүүлээд байгааг дурдсан байна.


Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Мурат Курум Газиантеп мужид сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, газар хөдлөлтийн бүс дэх 927 мянган барилгад шалгалт хийж дууссан хэмээгээд, байгалийн гамшигт өртсөн 11 мужид гамшгийн дараа орон сууц барих, улсынхаа түүхэн дэх хамгийн том аяныг өрнүүлнэ гэж мэдэгджээ. 

Related news