ӨВӨРХАНГАЙ: Аварга тариаланч Д.Нансалмаа: Эрүүл хөрсөнд тарьж ургуулсан ногоогоор аймаг, сумаа хангах хүсэлтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-20 10:35:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын Зөрүүлэг багийн тариаланч Д.Нансалмаа “Аймгийн аварга тариаланч” хэмээх эрхэм хүндтэй шагналыг гардан авах үеэр цөөн хором ярилцлаа.


-Танд баяр хүргэе. Хэзээнээс газар тариалангийн салбарт ажиллаж эхлэв?

- Баярлалаа. Би хүүхэд байхаасаа л газар тариалангийн ажилд дуртай байлаа. Сумынхаа Худалдаа, бэлтгэлийн ангид барааны мэргэжилтэн, худалдагч зэрэг ажлыг насаараа хийж байгаад тэтгэвэрт гарснаасаа хойш өрхийн аж ахуй эрхэлж ирсэн. 30 гаруй жил тариалалт хийж байна. Эрүүл хөрсөнд тарьж ургуулсан, элдэв бордоо хэрэглээгүй хүнсний ногоогоор сум, аймгаа 100 хувь хангаж чадахгүй ч 50 хувь хангах хүсэлтэй байдаг.

- Одоогоор та хэр хэмжээний талбайд ямар төрлөөр тариалалт хийж байна вэ?

- Сумынхаа Зөрүүлэг багийн “Урд-Агуйт” гэх газарт 5 га талбайд болон хүлэмжид хүнсний ногоог бүх төрлөөр тарьдаг. Төмс, байцай, шар, хүрэн манжин, лууван, сонгино, саримс, улаан лооль, өргөст хэмх гэхчлэн ногоогоор сумынхаа айл өрхүүд, байгууллагуудыг хангаж байна. Бат-Өлзий сум аялал жуулчлалын бүс нутаг учраас эрэлт хэрэгцээ их байдаг юм. Өнгөрсөн жилээс овьёос, вандуй, арвай, буудайн холимог үрээр малын ногоон тэжээл тарьсан. Нийтдээ 20 гаруй тонн ургац хураан авсан.  


- Тариалангийнх нь ажилд хүн, хүч хэр хангалттай байдаг вэ?

- Хүүхдүүдтэйгээ хамтарч тариалалтаа хийдэг. Сумынхаа төмс, хүнсний ногоо тарих сонирхолтой эмэгтэйчүүдэд “Энийг та нар тариад сайхан ургуулаад ав” гээд үр өгдөг. Хүний амьдралд дэм болж байвал өөрөө ашиг ольё гэж боддоггүй. Хоёр хүнийг ажлын байраар хангасан. 20 гаруй м.кв зуны хүлэмжтэй. Өвөлжөөндөө 3 тоннын үрийн төмс хадгалах зоорьтой болсон.

- Та ахмад настай хэрнээ тариалангийн ажил эрхлээд явж байна. Залуу үеийг энэ салбар руу татан оруулах талаар ямар бодолтой байдаг вэ?

- Сум, орон нутгийн удирдлагууд их урамшуулж дэмждэг. Хоёр цэцэрлэг, хоршооны хамт олон гээд надад үргэлж тусалж байдаг байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр өдий зэрэгтэй явна. Эгч нь нас сүүдэр 70 хүрч байгаа. Намайг анх төмс, хүнсний ногоо тарьж байхад амьдрах гэж арга ядсан хүний ажил шиг санадаг байсан бол одоо газар тариалангийн үр ашгийг ойлгодог болж. Залуучуудын хандлага өөрчлөгдөж байна. Манай сум олон тариаланчтай болж байгаа.



- Тариалангийн ажлыг дуртай, сонирхолтой хүн л илүү сайн хийдэг юм шиг санагддаг?

- Газар тариалангийн ажил сайхан. Байгаль өөрөө бүтээгээд өгдөг. Ер нь Монгол орны аль ч хөрсөнд хүнсний ногоо ургана. Нэг хэсэг дуртай, сонирхолтой нь ногоо тарина гэж ойлгодог байсан. Одоо айл өрх бүр хүссэн хүсээгүй, хэрэглээнийхээ ногоог тарьж, амжиргааныхаа эх үүсвэрийг болгох хэрэгтэй.

Малчид малынхаа тэжээлийг хүнээс хармааргүй байгаа юм. Хувийн хэрэгцээнд том газар шаардахгүй. 3, 4 метр газарт малынхаа тэжээл юмуу, хүнсний ногоогоо тарьчихаад байхад ирэх жилийнхээ хэрэглэх ургацыг хангалттай авна. Манайх өнгөрсөн жил 10 гаруй тонн малын тэжээл авч, 4-5 портерыг зарсан. Шийгуа, гүзээлзгэнэ ч тарьж үзсэн. Сайхан л ургасан. 

Related news