Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-02-25 10:50:47

АНКАРА. /Al Jazeera/. Турк, Сирид энэ сарын эхээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 50 мянга даваад байна.


Туркийн Онцгой байдлын газраас баасан гарагт мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 44 128 хүний амь эрсэдсэн байна. Харин Сирид 5914 хүн амиа алджээ.


Хоёрдугаар сарын 6-нд болсон эхний газар хөдлөлтөд Туркийн зүүн өмнөд нутаг, Сирийн хойд нутаг өртсөн бөгөөд 7.7 магнитудын хүчтэй байсан бол түүнээс удалгүй 7.6 магнитудын хүчтэй дахин газар хөдөлсөн юм. Байгалийн гамшигт үзэгдлийн дараа 9000 гаруй чичирхийлэл мэдрэгджээ.


Туркийн байгалийн гамшигт өртсөн 11 мужид 240 мянга орчим аврагч, сайн дурынхан үүрэг гүйцэтгэсээр байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн зарим нутагт эхэндээ хүрч очиход хүндрэлтэй байсан ч сэргээн босгох ажиллагаа явуулж, ахиц гаргахын хэрээр амиа алдагсдын тоо нэмэгдэж байна.


Сүүлийн өдрүүдэд хүмүүсийг барилгын нурангинаас эсэн мэнд гаргасан талаар мэдээлэл гараагүй байна. Туркт байгалийн гамшигт өртсөн бүсээс 530 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Туркийн Засгийн газрын мэдээлснээр, 173 мянган барилга нурж сүйдэж, 1.9 сая хүн түр хорогдох байр, зочид буудал, нийтийн байгууламжуудад хорогдож байна.


Туркт газар хөдлөлтөд 20 сая хүн нэрвэгдсэн бол НҮБ-ын тооцоогоор, Сирид 8.8 сая хүн байгалийн гамшигт өртжээ. Олон жилийн иргэний дайны дараа олон хүн хүндхэн нөхцөлд амьдарч байсан Сириэс харьцангуй бага мэдээлэл ирүүлсэн байна.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган байшин барилгуудыг нэг жилийн дотор сэргээн босгохоо амлаад байгаа ч эрх баригчид цаг хугацаанаас илүүтэй юун түрүүнд аюулгүй байдлыг чухалчлах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. 

Related news