ӨМНӨГОВЬ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах чиглэлээр төрийн албан хаагчдад сургалт явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад
/МОНЦАМЭ/: Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсээр
байна.
Тодруулбал, энэхүү зорилтын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй
иргэдтэй ажиллах арга зүй” сэдвийн дор сургалт зохион байгуулж, сургагч багш, ажилтан, төрийн албан хаагч нарын 40 гаруй мэргэжилтнийг хамруулахаар болжээ. Сургалтыг 2023 оны 3-р сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулах аж.
Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүй, хөгжлийн бэрхшээлийн
төрлүүд, тусгай хэрэгцээт боловсрол болон тэгш
хамруулах боловсролын тухай ойлголт өгөхөөс гадна “Тулгуур эрхтэний бэрхшээл”, “Саажилттай иргэдтэй
ажиллах арга зүй”, “Суралцах үйлийн болон зан төлөвийн
өөрчлөлттэй иргэдтэй ажиллах арга зүй”, “Хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн тухай
ойлголт” “Дохионы хэлний анхан
шат”
зэрэг тодорхой сэдвүүдээр, өргөн цар хүрээтэй мэдлэг олгож байгаагаараа онцлог байна.
Мэргэжилтнүүдийн дунд сургалт явуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар мэдлэг мэдээлэлтэй болж, тэдэнд төрийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь чанартай, мэргэжлийн хэмжээнд хүргэх зэрэг давуу тал бий болно гэж үзэж байна. Эдгээр мэргэжлийн сургалтууд үе шаттай үргэлжлэх юм.
Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн
төв, Өмнөговь аймгийн ХБИ-ийн "Ёл" холбоо хамтран зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2197 иргэн байдгаас 353 нь хүүхэд, үүнээс Даланзадгад суманд 150 хүүхэд бүртгэлтэй байдаг.
