ӨВӨРХАНГАЙ: Красноярскийн хязгаартай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-03-02 10:11:34

Арвайхээр /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын Амбан захирагч А.В.Усс 2022 оны 6 сард Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржтой хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн байдаг.

Энэ хүрээнд өнгөрөгч 2 дугаар сард аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Красноярскийн бүс нутагт албан айлчлал хийсэн бол тус мужийн Аялал жуулчлалын агентлагийн даргаар ахлуулсан албаны хүмүүс Өвөрхангай аймагт хүрэлцэн ирж, аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.

Өвөрхангай аймгийн удирдлагын зүгээс хөрш зэргэлдээ хоёр орны хооронд тогтсон уламжлалт хамтын ажиллагааг сэргээж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлэн зөвшилцөлд хүрсэн юм.


“Хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Улаанбаатар, Красноярск хоорондын шууд нислэг, авто зам, төмөр зам чухал нөлөөтэй. Зам харилцааны асуудал шийдэгдвэл Өвөрхангай, цаашлаад Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, газар орныг үзэж сонирхох жуулчдын тоо нэмэгдэнэ. Бидэнд ч Өвөрхангай аймгаас жуулчид татахад хялбар байх болно” хэмээн Красноярскийн бүс нутгийн аялал жуулчлалын агентлагийн дарга Василенко Ольга Александровна хэллээ. 


Дашрамд дурдахад ОХУ-ын Элчин сайдын яам болон Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс Өвөрхангай аймгийн боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн салбар болон Орос хэлний сургууль байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна.

Related news