Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 51 мянгад дөхөөд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-03-02 14:22:39

ИСТАНБУЛ. /Reuters/. Туркт өнгөрсөн сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 45 089-д хүрээд байна гэж тус улсын Онцгой байдлын газраас лхагва гарагт мэдээлэв. Ингэснээр байгалийн гамшигт өртсөн Турк, Сирид амь эрсдэгсдийн тоо 51 мянгад дөхөөд байна.


Хоёрдугаар сарын эхээр болсон газар хөдлөлт болон түүний дараах хүчтэй чичирхийллүүдийн улмаас Туркт 108 мянга гаруй хүн гэмтэж бэртээд байгаа бөгөөд олон сая хүн орон гэрээ орхин майханд хоргодож, өөр хотууд руу нүүхээс өөр аргагүйд хүрчээ.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нурсан байшин барилгуудыг нэг жилийн дотор сэргээн босгохоо амлаад байгаа ч майхан, чингэлэгт хоргодож буй олон мянган хүн байнга оршин суух газар луугаа нүүхэд олон сарын хугацаа шаардагдах төлөвтэй байна.


Туркийн орчин үеийн түүхэн дэх хамгийн их уршиг дагуулсан байгалийн гамшигт үзэгдэлд тооцогдож байгаа газар хөдлөлтийн улмаас тус улсад 160 мянга гаруй байшин барилга нурж, эвдэрч сүйджээ. Газар хөдлөлтийн дараа 11 мянга гаруй чичирхийлэл мэдрэгдсэн тус бүс нутгаас хоёр сая орчим хүн дүрвэсэн байна.


Мягмар гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус байгалийн гамшгийн уршгийг арилгахад ДЭМБ-ын зүгээс Анкарад дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ. Турк хэдийгээр “бүх хүчин чадлаа дайчилж байгаа” ч байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст олон улсын тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэж тэрбээр хэлсэн байна. 

Related news